Эрх баригч нам "эцэг" хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, эхний хэлэлцүүлгээ хийсэн. Харин наадмын дараагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөр хувилбар дэвшүүлснээр нөхцөл байдал өөрчлөгдөж, хоёр хуулийн төслийг уялдуулах Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт МАН зөвшилцлийн ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, таван өдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Шийдэлд хүрээгүй шалтгаан нь гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг асуудал гэж тайлбарлаад буй. Тэгвэл гишүүдийн тоог анхаарлын төвд оруулаад, шүүх засаглалтай холбоотой асуудалд тохиролцоно гэсэн хардлага олон нийтийн дунд бий. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан зөвшилцлийн ажлын хэсгийн шийдлээс харахад ерөнхийдөө шүүх засаглалтай холбоотой асуудалд Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан нь шүүмжлэл дагуулсан. Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Шүүхтэй холбоотой асуудал дээр 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн хараат бус бие даасан байдалтай холбоотой өөрчлөлтүүдийг өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Энэ асуудлыг эргэж хараач. Миний бүрэн эрхэд халдсан заалт байна” гэдэг агуулгаар хандсан. Гэхдээ манай намын бүлэг үүнийг шийдээгүй байна. Сая ярьсан асуудал дээр юун түрүүн зөвшилцөнө. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан шүүх засаглалтай холбоотой заалтуудыг хасаагүй” гэсэн тайлбар өгсөн юм. Ингэхээр эрх баригч нам зөвшилцлийн ажлын хэсгийн шийдэлд хүрсэн саналыг дахин хэлэлцэнэ. Үүнийг дагаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилтуудын нэг шүүх засаглалыг тойрсон шинэ нөхцөл үүсэх юм.
Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан шүүх засаглалтай холбоотой ямар шийдэлд хүрсэн талаар дахин сануулъя. УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуульд шүүгдэд тавих шаардлагыг хасах саналыг УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд тусгагдсанаар үлдээхээр болжээ. Тодруулбал, гишүүдийн санаачилсан төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Харин гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хассан.