
Английн хатан хааны симфони оркестр, Аваргуудын лигийн сүлд дуу Испанид эгшиглэлээ. Цагаан, хар өнгөөр алаглан байх 83 мянган фанат нэг л зүйлийг хүлээнэ. Тэр бол гоол. Алдарт "Сентиаго Бернабэу" цэнгэлдэх хүрээлэндээ Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клуб Италийн "Рома"-г хүндэтгэлтэй агаад хүйтнээр угтан авлаа. Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд нь 2:0-ийн харьцаатай буулган авснаар Мадрид хотынхон сэтгэл зүйн асар том давуу талыг өөрсдөдөө бий болгоод байв. Цаг боллоо. Флоренси, Рамос гэсэн багийн ахлагчид гар барилцан, тоглолтын шүгэл дуугарлаа.
Хурдан хэмнэлтэй тоглолт үргэлжилсээр, хоёр баг гоол эрэлхийлсээр. Харамсалтай нь эхний хагаст гоол орохыг харсангүй. Харин хоёр дахь хагас эхлээд удаагүй байхад буюу 64 дэх минутад өмнөх тоглолтод гоолдоод байсан дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналду "Рома"-гийн хаалгач Шчеснигийн манаж зогссон хаалганы торыг дахин нэг хөдөлгөсөн юм. Ганц "Бернабэу"-д байх бус, дэлхийгээр нэг тарсан Мадрид хотын номер нэг багийн сая сая фанат ороолтоо өргөн дуулж эхлэв. Энэ бол Роналдугийн Аваргуудын лигт оруулсан 90 дэх гоолын баяр байлаа. Эхний гоолын баярыг тэмдэглэж дуусаагүй байхад тооны харьцаа 2:0 болов. Түүнийг Колумбын “од” Хамес Родригез шигтгэсэн. Харин сүүлийн гоолын дараа хэд хэдэн сайхан боломж алдаад байсан Жеко, Пианич тэргүүтэй "Рома"-гийн залуус бүрэн уналтад орж эхэлсэн юм. Энэ байдал нь үргэлжилсээр шүүгч тоглолтын сүүлийн шүглийн дууг гаргав. Тоглолт дуусав. "Рома" 0, "Реал" 2. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Реал Мадрид" клуб дараагийн шатанд шалгарч, дэлдэн чихт цомын төлөөх аяллаа үргэлжлүүлэхээр болсон юм.
Испанид болсон тоглолттой зэрэгцэн Германы "Бундэслиг"-т сүүлийн жилүүдэд тун амжилттай тоглож буй "Волфсбург" Бельгийн "Гент"-ийг талбайдаа хүлээн авсан. Сугалааны хувьд “акулууд”-аас мултарсан хоёр багийн аль аль нь сэтгэл хангалуун байсан гэж хэлж болно. Гэсэн ч хөлбөмбөгийн хорхойтнуудын ихэнх нь Германы багийг шөвгийн наймд шалгарна хэмээн таамаглаж байсан юм. Энэ ч ёсоор болов. Эхний тоглолт Бельгийн багийн талбайд болсон бөгөөд зочин баг 3:2-ын харьцаатайгаар ялалт байгуулсан. Айлын талбайд хожсон давуу талаа ашиглан хариу тоглолтод ч мөн тэд ялсан юм. Тоглолтын цорын ганц гоолыг Челсигийн хуучин цэрэг Андре Шурле 74 дэх минутад шигтгэв. Шөвгийн наймд тавтай морил "Волфсбург".
Өмнөх өдрийнх нь гайхалтай тоглолтын цуурай газар дэлхийд шингэж амжаагүй байхад Лондонгоос тоглолтын “Цаг боллоо” гэх сэрүүлэг дуугарав. Гуравдугаар сарын 09-10-ныг шилжих шөнө Английн алдарт "Челси" клуб Францын аваргуудаас өшөөгөө авахаар жагсчээ. "Стэмфорд Бридж" цэнхэр өнгөөр давалгаална. Сүүлийн гурван жил дараалан Аваргуудын лигийн хасагдах шатанд Европын хамгийн хүчирхэг багууд болох "Челси", "Парис Сейнт Жэрмэйн" ийнхүү таарлаа. Одоогоос хоёр жилийн өмнө "Челси" Демба Багийн гоолоор Францын аваргыг гэрт нь буцаасан бол өнгөрсөн жил Парисын баг Давид Луис, Тиаго Сильва гэсэн Бразилын хамгаалалтын хослолынхоо “толгой”-н ачаар “цэнхэрүүд”-ийг гүүрэн дээр нь шийтгэсэн юм.
Харин өчигдөр хөлбөмбөгийн бурхан тэнгэр "Парис Сейнт Жэрмэйн"-ы “хөвгүүд” тэр дундаа Шведийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч Златан Ибрахимовичыг илүүтэй адислалаа. Өнгөрсөн жил "Стэмфорд Бридж"-д улаан жавтий хүртэж, тоглолт өнжих шийтгэлээр торгуулж байсан тэрээр энэ удаа өшөөгөө чанга гэгч нь авав. Бүр хожлын гоол оруулж, багаа шөвгийн найм руу хөтөлсөн. Эхний гоолыг зочин багаас хагас хамгаалалтын баруунд гарч тоглосон Рабио хийв. Чихэр шиг дамжуулалтыг Златан баруун жигүүрээс өгчихсөн. Харин удалгүй түүнээс 11 минтуын дараа буюу 27 дахь минутад Испаниас Англид газардсан "Челси"-гийн мэргэн бууч Диего Коста хаалганы тор хөдөлгөсөн юм. Гэвч дахиад л Златан, Златан, Златан...
"Челси"-д үүссэн бяцхан найдварыг бүр мөсөн үгүй хийсэн. Тэр 67 дахь минутад гоолдов. Харин "Челси"-гээс өнгөрсөн жилийн Премьер Лигийн шилдэг тоглогчийн шагналт Бельгийн “од” Эдэн Азар мөн л тааруу тоглолт үзүүлсэн юм. Ингээд Парисын баг Аваргуудын лигийн сүлд дууг өөрийн цэнгэлдэхдээ дахин эгшиглүүлэх эрхийг авав. Харин Лондонгийн цэнхэрүүд дараа жилийг хүлээхээр болсон юм.
Одоо Орост очъё. Португалд зочлон 1:0 гэсэн харьцаатай хожигдол хүлээсэн "Зенит" талбайдаа "Бенфика"-г хүлээн авлаа. Бразилийн шигшээ багийн довтлогч Халк буюу Живанилдо Виерра дэ Соуса 69 дэх минутад гоолдож багтаа итгэл, найдвар авчрав. Гэвч тэд тэргүүллээ хадгалж чадалгүй 85 дахь минутад хаалгандаа гоол алдсан юм. Гоолыг Николас Гайтан шигтгэв. Ингэснээр Андре Виллаш Боашын залуус дахин нэг гоол оруулж, хожих хүндхэн даалгавартай болсон юм. Гэвч байдал эсрэгээрээ эргэн Бенфикачууд тоглолт дуусахтай дахин нэг гоол оруулснаар "Зенит"-ийн мөрөөдлийг талбай дээр нь “булшилчихсан”. Ийнхүү ялалтын баяраа эсрэг багийн талбай дээр хийсэн "Бенфика" клуб 2011-2012 улирал "Челси"-д хожигдож хасагдаж байснаасаа хойш анх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдлээ. Тэд энэ улирал Аваргуудын лигийн найман тоглолтдоо бүгдэд нь гоолдсон амжилттай явна.
Аваргуудын лигийн гайхамшигт тоглолтууд үргэлжилсээр байна. "Реал мадрид", "Волфсбург", "Парис Сейнт Жермэйн", "Бенфика" дөрөв шөвгийн найм руу шилжсэн. Харин ирэх долоо хоногт "Арсенал" vs "Барселона", "Байерн Мюнхен" vs "Ювентус", "Динамо Киев" vs "Манчестер Сити" болон "Атлетико Мадрид" vs "ПСВ Эйндховен" гэсэн сүр жавхлант, аймшигт хариу тулаан болно.
Г.Балжинням