Үндэсний статистикийн хорооноос эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Үүнээс граффик дээшээ чиглэсэн үзүүлэлтүүдийг тоймлон хүргэж байна.
Төвсийн орлого зургаан их наяд төгрөг болов

Улсын нэгдсэн төсвийн орлого зургаан их наяд төгрөг, зарлага, зарлага 5.5 их наяд төгрөг болжжээ. Ингэснээр төсөв 535.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
8.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ
Эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.1 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 4.6 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.долларт хүрлээ. Тэнцэл ашигтай гарахад, чулуун нүүрсний экспорт 177.2 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 241.6 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 47.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 82.5 сая америк доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 162.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ өсөв
ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 8.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 590.5 тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 230.7 тэрбум төгрөг, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 248.2 тэрбум төгрөг, үүнээс бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 93.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөг байна
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 62.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр өссөн байна. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ хугацаанд 877.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 126.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.8 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрлээ
Үнэт цаасны арилжаагаар эхний 7 сард 124.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 384.9 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ хугацаанд 26.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 118.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 20 526.2 нэгж болж, өмнөх сараас 712.4 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 129.7 тэрбум төгрөгөөр өсжээ.