Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өрхүүдийн орлого, зарлага нэмэгдсэн байна. Тодруулбал, хоёрдугаар улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гэнэ. Үүнд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300001-500000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна.
Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлагын хэмжээ 1.2 сая төгрөг байгаа юм байна. Зарлага өмнөх оны мөн үеэс 105.9 мянган төгрөгөөр өссөн байна. Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянгаар, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгдсэн байна.