Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн билээ. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд Японы Жинтаро Мотоямад 6:10-аар, Э.Батмагнай 1/2 шигшээд АНУ-ын Жон Дэвисонд цэвэр ялагдлаа.
Түүнчлэн 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар маргааш дагаж барилдана.