Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд өчигдөр эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж буй.

Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан юм.