Улсаас 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт сэжиглэгдэж буй Л.Гансүх нарт холбогдож буй хэргийн хянан шийдвэрлэх хугацааг сунгалаа. Тодруулбал, өчигдөр шүүх хурлын тов гарах байсан ч 14 хоногийн хугацаагаар сунгаж хэргийг шийдвэрлэхээр болсон байна.

Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа болон хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгасан аж.

Шүүгдэгч Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Уг хурлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд товлоод байсан ч тодорхой шалтгааны улмаас 14 хоног хойшлуулаад байсан юм.