Д.Сумъяабазар: Зүүнбаянгийн төмөр замаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Уул уурхай хүнд үйлдвэр болон  Зам тээвэр, хөгжлийн сайд тэргүүтэй албаныхан Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилж, төмөр замын трасс дагуух ашиглаагүй байгаа 40 орчим орд газрыг ашиглан олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад нийлүүлэх боломжтой болно гээд буй.

Төмөр замын дэд бүтэц хөгжсөнөөр бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасаж, хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Холбогдох албан тушаалтнуудын танилцуулснаар төмөр замын ажил эхэлснээс хойш замын доод бүтцийн  газар шорооны ажил болон бусад дагалдах ажлууд саадгүй үргэлжилж байна гэв. Доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани,  геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, энэ төмөр замаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байгаа гэв. Төслийн нийт хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3700 орчим хүн ажилтай орлоготой болох бөгөөд, 1352 машин механизм ажиллана. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь өрнөж буй Зүүнбаян дахь 15 км төмөр зам болоод тус өртөөний өргөтгөлийн ажлын явцтай танилцсан юм. Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс өртөөнд зайлшгүй өргөтгөл хийх шаардлагатай болсон юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэлийг ирэх сарын 20-ноос эхлэхээр төлөвлөсөн байна. Зүүнбаян өртөө орчимд  мөн Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Тус ангийн захирагч Бригадын генерал П.Доржсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн сарын 25-ны өдрөөс тус ангийн алба хаагчид  ул шорооны ажилдаа оржээ.

Зэвсэгт хүчнийхэн 59040 м3 газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн нь энэхүү бүтээн байгуулалтад дотоодын цэргийн хүчээ ашигласан нь маш их үр дүнтэй байна хэмээн тус ангийнхан ярьсан юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Зэвсэгт хүчний давуу тал нь хариуцлагатай, энгийн ардуудаас илүү зохион байгуулалттай байдаг явдал. Зэвсэгт хүчнийхэн гарт баригдаж нүдэнд баригдахаар ажил хийсэн байна. Энэ гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай зарим техникийн асуудлыг хэлэлцүүлнэ” гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Эрхэм төрийн түшээд сайд дарга нараа олборлоогүй байгаа нүүрсний олборлолт хийнэ гэж яриад байна Улс орондоо ашигтай гэрээ хэлцэл хийгээрэй гэж иргэн хүний хувьд хэлж байна!!! Хариуцлагатай уул уурхай хэрэгтэй байна Амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  2. монголын нүүрсийг үнэгүйдүүлэх оросуудын хор л явж байгаа нь энэ, тэрнээс хэн л тойруу замаар тээвэр хийж зардлаа өсгөхийг хүсэх билээ

    0 0 Хариу бичих
  3. Bas ch tiim yum bna shuu

    0 0 Хариу бичих