Улсын хэмжээнд Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачаалал өндөр байгаа аж. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцжээ.
Албаныхан Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах, “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж, хангах арга хэмжээ авах, ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах, ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны хэлтсийн дарга нарт даалгасан байна.