Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон бороо Монголын замын чанарыг шалгаж байна. Усаар дүүрч, зарим нь урсаж, зарим нь хэлтрэн унаж байна. Ингэснээр зам засвар, арчлалтад их хэмжээний мөнгө зарцуулж, бүр төсөвлөсөн хэмжээнээсээ давдаг. Тиймээс Авто замын санд төвлөрүүлэх хөрөнгө, эх үүсвэрийг нэмэх шаардлагатай гэж үзэн Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм. Уг журмаар авто зам ашигласны төлбөр мөн цэгүүдийн тоог нэмэхээс гадна хэд хэдэн шийдвэрүүд гарсан юм. Энэ талаар хүргэе.
Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ерөнхийдөө авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, замын засвар арчлалттай холбоотой гэнэтийн үер усны аюулаас гарсан эвдрэлтэй холбоотой асуудлуудыг цаг алдалгүй засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаатай болгох, Авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийг захиран зарцуулах, тус санд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах үүднээс энэ журам гарч байгаа. Өнөөгийн Авто замын санд төвлөрч байгаа нийт мөнгөний хэмжээ бол бас авто замыг засаж сэлбэхэд хангалттай хүрэлцэхгүй байна. Олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах 19 цэгээр дамжуулж бид хураамж авдаг” гэв.
Дээрх 19 цэгээс авсан татвар хураамжаас 2018 оны байдлаар гэхэд 7.6 тэрбум төгрөг санд төвлөрсөн байна. Салбарын сайдын хэлснээр бол 2020 онд 14918 км замын засвар ашиглалтын зардалд 95.8 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо судалгаа гарчээ. Энэ зардлыг Улсын төсвөөс нөхсөөр ирсэн талаараа тэрбээр нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, нийт зардлынхаа 31.6 хувийг Улсын төсвөөс үлдсэн 68.4 хувийг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс бүрдүүлж буй аж. Тиймээс Замын санд төвлөрүүлэх мөнгийг нэмэх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
Замын сангийн мөнгийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар болсон байна. Нэгдүгээрт, авто бензин, дизель түлшний албан татвараас улсын төсөвт 217 тэрбум төгрөг төвлөрдөг. Үүний 10 хувийг буюу тонн тутамд 18 мянган төгрөгийн оногдох хэсгийг Авто замын сан руу шилжүүлэх. Хоёрдугаарт, олон улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрийг улсын Авто замын тусгай санд төвлөрүүлж ашиглах. Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хураамжийн асуудлыг энэ дээрх заалтын дагуу шийдвэрэх. ОХУ, БНХАУ-тай Монгол Улс урван талын хэлэлцээртэй. Тиймээс хоёр талдаа хураамж авдаггүй. Тийм учраас гуравдагч, дөрөвдэгч улсын авто тээврийн хэрэгслүүдээс татвар авах асуудлыг нэмэхээр болжээ. Гуравдугаарт, шинээр оруулж ирж байгаа автомашины онцгой албан татвараас Улсын төсөвт 214.1 тэрбум төгрөг төвлөрдөг. Үүний 10.3 хувийг улсын Авто замын санд төвлөрүүлэх. Дөрөвдүгээрт, авто зам ашигласны төлбөр хураах цэгийн тоог нэмэх.
Тэгвэл олон нийтийн зүгээс авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Зам ашигласны төлбөр зэргийг Авто замын санд бүрэн төвлөрүүлэхгүй, Улсын төсөвт оруулдаг хэрнээ дахин цэгийн тоог нэмж байгаад шүүмжлэлтэй байгаа юм.