Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг наймдугаар сарын 26-ныг хүртэл хорих шүүхийн тогтоол гарчээ.
"Шүүгч А.Атамбаевыг мөрдөн байцаалтын хугацаанд баривчлах шийдвэр гаргалаа" гэж өмгөөлөгч Сергей Слесарев ТАСС агентлагт мэдэгдээд, үйлчлүүлэгчийг нь цагдан хорих явцад хэд хэдэн журам зөрчигдсөн гэлээ.
Сануулахад, авлига албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдсэн ерөнхийлөгч асан Атамбаевыг өчигдөр Бишкекийн ойролцоох хувийн харшаас нь баривчилсан юм. Уг нь баривчлах ажиллагаа наймдугаар сарын 7-нд эхэлсэн ч Атамбаевыг дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, тусгай албаны нэг байлдагч амь үрэгдэн 98 хүн гэмтэж бэртсэн билээ. Атамбаевын авлигын хэрэг дээр хүн барьцаалсан, аллага үйлдсэн гэх зүйл анги нэмэгдэнэ гэж Киргизийн хууль сахиулагчид анхааруулж байна.
Тэгвэл Атамбаевын өмгөөлөгч үйлчлүүлэгчээ суллах, улмаар улс оронд үүссэн зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилгоор Гаагагийн олон улсын шүүхэд гомдол гаргахаар зэхэж байна.