БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин найман сайдаа сольж, засгийн газартаа томоохон халаа сэлгээ хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ томилгоо нь олон улсын тавцанд саяхан гарсан өөрчлөлттэй холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, Умард Солонгосын удаа дараагийн пуужингийн туршилт, Сөүл, Вашингтоны эрх баригчдад хандсан мэдэгдэл зэрэг нь Өмнөдийн засгийн газарт сэлгээ хийх нөхцөл болжээ.

Мөн тус улсаас АНУ-д шинээр томилогдох элчин сайдын эхний даалгавар Өмнөд Солонгост байрладаг АНУ-ын цэргийн зардлыг бууруулах явдал байх болно гэжээ. Энэ албан тушаалд парламентын гишүүн Ли Су Хюкийг томилохоор зэхэж байна.

2019 онд Өмнөд Солонгос өөрийн нутаг дэвсгэрт байрлах 28.5 мянган америк цэргийн зардалд 915 сая доллар төлөх учиртай.