Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра “Борооны улмаас үүссэн зам талбайн эвдрэлд үзлэг шалгалт хийсэн. Ус хуримтлагдсан байдлыг холбогдох байгууллагуудтай хамтарч, ус соруулах, лаг шаврыг цэвэрлэж байгаа. Хамгийн анхаарал татсан хэсэг бол Наадамчдын зам буюу Шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатартай холбож байгаа зам. Энэ замд хоёр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж ус тогтсон. Тус зам нь нийтдээ 6-7 ус зайлуулах холойтой. Өмнө нь ус тогтдоггүй байсан. “Талст ширээт” гэдэг компани зөвшөөрөлгүйгээр барилга эхлүүлээд, үерийн жалгыг хаасан байгаа. Түүнээс болоод усанд автсан. Тухайн барилгын суурь нь хүртэл усанд автсан. Тэд “Нийслэлийн авто замын газартай зургаа зөвлөлдсөн” гэдэг мэдээллийг өгсөн байна билээ. Албан ёсоор зөвшилцөөгүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэсэн юм. Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгуудад урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж, албан бичиг өгдөг. Энэ дагуу дээрх хоёр компанийн үйл ажиллагааг зогсоосон. Зургаадугаар сард ус, цахилгаанаар хязгаарлах албан бичгийг Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компанид хүргүүлсэн. Жилд 700 орчим барилга баригддаг. Үүнд мэргэжлийн хяналтын 13 байцаагч хяналт тавьж ажилладаг. Бид жилд хоёроос доошгүй шалгалт хийхээр зорьдог. Яармаг орчимд барилга барьсан хоёр компанийн тухайд бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авто замын хөгжлийн газарт ахлах байцаагчийн албан бичиг өгсөн” гэв.