Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл энэ оны эхний долоон сарын байдлаар ямар байсныг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд тулгуурлан хүргэе. Энэ хугацаанд гадаад худалдааны эргэлт найман тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар өссөн дүн юм. Үүнээс экспорт 400 сая ам.доллараар өсч, дөрвөн тэрбум ам.доллар болов. Тэгвэл импорт 241.5 сая ам.доллараар өсөж, 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэхээр гадаад худалдааны тэнцэл тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний худалдааг сонирхъё. Нүүрсний экспорт энэ хугацаанд 20.8 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.0 мян.тн-оор бага байгаа юм. Тэгвэл зэсийн баяжмалын экспорт 867.7 мян.тн-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19.0 мянган тонноор нэмэгджээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөөд буй. Түүнчлэн уул уурхайгаас Улсын төсөвт гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон юм.