Алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулах ажлаа эрчимжүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентийн дэд сайд ноён Ичиро Канкэтэй  албан ёсны уулзалт хийлээ.

Арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн  айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан. Энэхүү санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба эко аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх асуудлууд тусгагдсан. Энэ удаагийн хоёр улсын БОАЖ-ын Дэд сайд нарын уулзалтаар өнгөрсөн хугацаанд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болоод ирэх жилүүдэд хийгдэх төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаар хэлэлцлээ. Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдын асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Япон улс нь Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах салбарт үзүүлэх хамтын ажиллагаагаараа манлайлах үүрэгтэй оролцож ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхи сайжруулах, агаарын бохирдлын ялгарлын тооллого зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. 2017 оноос “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийг  дэмжиж техникийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болох зэрэг томоохон хүлээлт байгаа гэдгээ уулзалтын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлж байлаа. 

Хоёр улсын яамдын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хойш хэрэгжиж байгаа давхар үр ашиг бүхий зуухны төслийг  жилээс жилд сайжруулан цаашид албан ёсоор Хамтарсан Кредит Олгох Механизмын загвар төсөл болгон нэгдсэн халаалтын системд холбогдоогүй алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үр өгөөжтэй ажил гэдгийг хоёр тал харилцан зөвшилцөж холбогдох ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)