“Саарал жагсаалт” ба даалгавар, биелэлт...

“Саарал жагсаалт” ба Монгол Улс

Монгол Улсын ФАТФ-ын эрчимтэй хяналтад байх хугацаа аравдугаар сард дуусгавар болно. Эрчимтэй хяналт дууссанаар ФАТФ-аас юуны түрүүнд Монгол Улс Харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлгээ авсан шууд хэрэгжилт дээр ахиц, дэвшил гарсан эсэхийг тогтоох юм. Ингэснээр шууд хэрэгжилттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжийг Монгол Улс хэрхэн биелүүлснийг магадалж, ажиглалтын хугацаанд эхлүүлсэн буюу үргэлжлүүлэн авсан арга хэмжээнүүд дорвитой үр дүнд хүрсэн эсэхийг шалгах юм. Монгол Улсыг ахиц дэвшил гаргаагүй гэж үзвэл Монгол Улсын Засгийн газартай тусгайлсан хөтөлбөр тохирч “саарал жагсаалт”-д оруулах зөвлөмжийг ФАТФ-д хүргүүлнэ. Ингэснээр олон улсад Монгол Улсын санхүүгийн эрх хязгаарлагдах юм.  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны 2 дахь удаагийн Харилцан үнэлгээг гүйцэтгэсэн. Тус үнэлгээгээр Монгол Улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс хангаагүй 5, хагас хангасан 15, дийлэнхийг хангасан 15, бүрэн хангасан 5 үзүүлэлттэй байсан бол үр дүнтэй байдлыг илэрхийлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг дунд зэрэг хангасан, харин 9 үзүүлэлтийг хангаагүй үр дүнтэй гарсан байна.

Ингэснээр 2017 оны долоодугаар сард Ази Номхон далайн бүсийн байгууллагаас Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын эрчимтэй хяналтад авсныг зарлаж хугацаат үүрэг даалгавруудыг өгсөн юм. Монгол Улс нэн түрүүнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо өөрчлөх, улмаар Харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлгээ авсан техникийн болон шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэг авсан юм. Монгол Улс ФАТФ, АНДББ-аас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхгүй тохиолдолд эрчимтэй хяналтаас ФАТФ-ын “саарал жагсаалт”-д шилжиж олон улсын санхүүгийн захаас бүрэн тусгаарлагдах эрсдэлтэй юм.

“Сааралт жагсаалт”-д орохгүйн тулд юу хийв?

Монгол Улсын үр дүнтэй байдлын шалгуур үзүүлэлтүүд үндсэндээ хангалтгүй дүн авсныг харгалзан үзэж Засгийн газраас шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор 2018 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх “Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөө”-г 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр баталж 2018 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Терроризмтэй тэмцэх тухай хууль, Гаалийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг мөн эрсдэлд суурилсны үндсэн дээр хийх, хуулийн нэр томъёоны тодорхойлолтуудыг олон стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгахтай холбоотой заалтуудыг хуульд оруулсан байна. Монгол Улс 2017 оны Харилцан үнэлгээний тайланд “хангаагүй” буюу “хагас хангасан” техникийн хэрэгжилтийн 20 үзүүлэлтийн үнэлгээг ахиулах хүсэлтийг АНДББ-д гаргаж, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр техникийн үзүүлэлтийн биелэлтийн тайланг дагалдах мэдээ материалын хамт боловсруулан хүргүүлсэн юм. Монгол Улс техникийн хэрэгжилтийн “дийлэнхийг хангасан” эсвэл “бүрэн хангасан” зөвлөмжийн тоо хамгийн багадаа 21-д хүргэх шаардлагатай юм. АНДББ-аас 2019 оны 5 дугаар сард ирүүлсэн тайланд дурдснаар Монгол Улсын хувьд техникийн хэрэгжилтийн 20 МАКРО-САНХҮҮГИЙН ОРЧИН 13 үзүүлэлтийн үнэлгээ ахиж, харин 1 үзүүлэлтийн үнэлгээ буурсныг мэдэгдсэн. Мөн Монгол Улс шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдээ тайлагнахыг үүрэг болгожээ. Ингэснээр тавдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар Шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг тайланг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан.

“Саарал жагсаалт”-ад орохгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас зайлсхийхийн тулд шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс хамгийн багадаа 6 үзүүлэлтийн хувьд дундаас дээш үнэлгээ авах шаардлагатай юм. Иймд дараах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байгаа гэж Төв банк мэдээлсэн.

-Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.7, 4.1.8 болон 4.1.9-д заалтад заасан этгээдийн хяналт шалгалтын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж хуулийн төсөл боловсруулж батлуулах;

-Засгийн газар Терроризмтой тэмцэх тухай хуульд Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг тусган Улсын их хуралд өргөн барьж батлуулах;

- Засгийн газар, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран банкуудын гадаадын банк санхүүгийн байгууллагатай тогтоосон корреспондент банкны харилцааг өнөөгийн байгаа түвшингөөс дордуулахгүй байхад чиглэсэн бодлогын арга хэмжээг боловсруулж, батлуулах;

 -Мөнгө угаахтай тэмцэх Үндэсний зөвлөл ФАТФ-ын 2019 оны 10 дугаар сарын уулзалтад Монгол Улсын тайланг бэлтгэх ажлын хэсгийг нэн яаралтай байгуулах;

 -Засгийн газар, Монголбанк, СЗХ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн талаар олон нийтийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

-Монголбанк, СЗХ нь МУТСТ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулахад анхаарч ажиллах.

-Цагдаагийн ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авилгатай тэмцэг газар, Тагнуулын ерөнхий газар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж чадавхжуулахад анхаарч, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхааран ажиллах  шаардлага тулгарсан юм. Энэ сард Монгол Улсын Шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг тайлан боловсруулах Ажлын хэсгийнхэн танилцуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)