Оросын улс төрч, Либерал ардчилсан намын дарга В.Жириновский ойн түймрийн гол буруутан нь удирдлагын алдаатай бодлого гэж хэллээ. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд ойн хамгаалагчдыг цомхотгож, төсвийг нь тав дахин бууруулсан нь өнөөгийн гамшигт байдалд хүргэснийг цохон тэмдэглэжээ.

Telegram сувагт өгсөн ярилцлагадаа Жириновский " Өмнө нь түймрийн оч унах төдийд л бага хүчээр дор нь унтрааж чаддаг байлаа. Одоо тэгтэл мянган га шатахыг хүлээгээд хэн ч гараа хөдөлгөхгүй суудаг боллоо" хэмээн ярьжээ.

Тэгвэл Оросын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин ойн түймрийн гол шалтгаан хуурай цаг агаар, мөн аянга цахилгаанаас үүдэлтэй гэж мэдэгдээд буй. Өчигдрийн байдлаар тус улсын Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт 2.8 сая га ой түймэрт өртөөд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Оросын ерөнхийлөгч В.Путинтай утсаар холбогдож, ойн түймрийг унтраахад туслалцаа үзүүлэхийг санал болгожээ.