
Саяхан Хятадын нортньюс.сн сайтад монгол эмэгтэйчүүд Хятад эрэгтэйчүүдтэй ханилан сууж байгаа талаар нийтлэл гарсан тухай олон нийтийн сүлжээгээр тарж цөөнгүй хүний ундууцлыг төрүүлж байсан. Уг нийтлэлд Шүрмаа, Цэцэгээ, Туяа хэмээх Эрээн хотод амьдардаг гурван бүсгүйн талаар гарах бөгөөд тэднийг Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл гэсэн үүднээс бичжээ. Монгол бүсгүйчүүдийг бие хаа царай зүс сайтайгаас гадна ажилсаг, хоол хүнс, хувцас хэрэглэл голдоггүй, нөхрөөсөө мөнгө нэхдэггүй тиймээс Монгол бүсгүйтэй гэрлээрэй гэсэн агуулгатай байв.
Харин саяхны нэгэн өдөр Шведийн өдөр тутмын "Дагенс нюхетер" сонинд тус улсад амьдарч буй Сараа, Есөн, Энхээ, Сувдаа гэх дөрвөн Монгол эмэгтэйн хар бараан амьдралын талаар өгүүлсэн нийтлэл гарч шуугиан тарьжээ. Өмнөх нийтлэлээс ялгаатай нь энд Шведэд ажиллаж буй Монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буйн талаар бичжээ. "Сайхан амьдралын хойноос явж байгаа тэд хүчирхийлэлд өртсөөр..." нийтлэлийн дүрүүд өндөр цалин, амьдрах таатай нөхцөл, цагаачлалын эрх зэргийг хүсэмжилж тус улсад "харласан" ба ингэснээрээ тэд өөрсдийн эрх чөлөөг хязгаарлаж хүчирхийлэлд хөтлөгджээ. Тэд долоо хоногт дунджаар жаран цаг хүнд хүчир ажил хийн 7000 крон буюу 820 гаруй ам долларын цалин авах бөгөөд энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм.

Стокхольм дахь бичиг баримтгүй иргэдэд үйлчилдэг Улаан загалмайн эмнэлгийн сувилагч Сандра Долиетис: Бичиг баримтгүй Монгол эмэгтэйчүүдийн эмнэлэгт ханддаг голлох шалтгаан нь аборт хийлгэх, төрөхийн өмнөх хяналт, эмэгтэйчүүдийн өвчин байдаг" хэмээжээ.
Тус улсын Цагаачлалын алба Монголоос хүний наймаа хийж байж болзошгүй тохиолдлууд өссөнийг тэмдэглэжээ.
Өнгөрсөн жил гэхэд л Монголын иргэн хохирогч болсон хүний наймааны 10 тохиолдлыг илрүүлжээ.
Монголчууд Шведэд дөрвөн жил амьдарсан хүнд автоматаар амьдрах эрх олгогддог гэсэн гадуур явдаг ярианд итгэн хүнд хэцүү амьдралыг тэвчин амьдарсаар байдаг аж. Гэхдээ энэ шаардлага нь сард дор хаяж 13000 кроны орлого олж байсан хүнд л боломжтой аж. Ихэнх монголчууд үүнээс хамаагүй бага мөнгө олдог ба амьдрах эрх нь бичиг баримтгүй хүнд хамааралгүй зүйл болдог байна. Ингэснээрээ тэд хэн нэгнээс хараат болж хүчирхийлэлд өртөх замруу хөтлөгддөг аж.
Энэ мэтчилэн Монгол охид бүсгүйчүүд маань харь оронд хүний наймаа бэлгийн хүчирхийлэлийн золиос болж буй тохиолдол олонтаа. Өндөр цалин, сайхан амьдрал мөрөөдөж харийг зорих болсон тэдний хувь тавилан харамсалтай. Гэтэл энэ асуудлыг бид өөрсдөө ч мэдээгүй байтал харийнхны хэвлэлд асуудлыг хөндөн нийтлэх болсон нь нэгийг өгүүлж буй мэт...