УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцжээ. Энэ үеэр тэрбээр, "Үндсэн хууль бол амьд организм. Тиймээс улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулж чамбайруулаад явах нь дэлхий нийтийн жишиг, тухайн улс орны үндэсний эрх ашгийн асуудал юм. Харин ингэхдээ  аль нэг намын, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн үндсэн зарчим барьж, аль болохоор зөвшилцөх, ойлголцохыг эрхэмлэж, уулзалт, хэлэлцүүлгүүдийг олон удаа нийгмийн бүх талын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж ирсэн. Тодорхой сэдэв, асуудлуудаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж санал солилцох ажлыг цаашид ч үргэлжлүүлэн хийх болно" гэлээ.

Мөн тэрбээр, нэ удаагийн уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцэж батлаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо. Түүнчлэн сонгуулийн тогтолцооны хувьд холимог тогтолцоог дэмжиж байгаа учраас энэ чиглэлээр Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн боловсруулаад явах боломжтой. Мөн улс төрийн намуудын гишүүнчлэл, Төв банкны асуудлыг органик хуульдаа тусгаад явах нь зүйтэй байх. Төрийн байгууллага болгоныг Үндсэн хуулийн байгууллага болгох гэх нь тийм ч оновчтой асуудал биш юм гэдгийг нэмж хэлэв.