Нутгийн удирдлагын тогтолцоог яаж боловсронгуй болгох вэ?

Наадмын дараа намар гэдэг. Удахгүй их хотод амьдрал буцална. Хөдөө, гадаа амарч, аялахаар явагсад эргээд ирнэ. Шинэхэн оюутнууд орон нутгаа орхиод “Сайн уу амьдрал минь” гэсээр нийслэлийг зорино. Ингээд их хотын амьдрал “чихэлдэнэ”. Хичээл ч орж, нэг ангидаа гурван ээлжээр хичээллэж, 60-уулаа сууна. Харин хөдөөд нэг л эл хуль. Залуус нь жилийн жилд нутгаа орхиод нийслэлийг зорьсоор. Хотод 60-уулаа шахцалдаж байдаг дунд сургууль нь орон нутагт ангидаа 10-уулаа бараг л “төөрнө”. Ажил хөдөлмөр, үйлдвэрлэл гээд байх зүйлгүй. Энэ бол ердөө л хүн амын төвлөрөл хөгжлөө дагаад хот руу чиглэсэнтэй холбоотой. Мөн энэ байдал нь бүсчилсэн хөгжлийг нэхэж байгаа хэрэг. Орон нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн хийгээд, аж ахуйн үйлчилгээний нөөц гээд юм байдаггүй. Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр аймгийн өрсөлдөх чадварын судалгааг гаргадаг. Энэ дүнгээр өнгөрсөн онд гэхэд 21 аймгаас 15 нь өрсөлдөх чадвар муутай гэж гарсан. Аймгийн төвд цахилгаан, дулаан байнга доголддог тул иргэд тав тухтай амьдарч чаддаггүй. Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоогүй, ажлын байр цөөн, төрийн байгууллагын хүнд суртал их зэрэг цөөнгүй саад, бэрхшээлээс болж байгааг судалгаанд дурдсан байдаг. Архангай аймаг гэхэд ажлын байрны хомсдол хамгийн их гэсэн үзүүлэлтээр сүүлээсээ хоёрдугаарт жагссан. Энэ мэт орон нутгийн асуудлыг дурдаад дуусахгүй. Гэхдээ эдгээр нь зөвхөн нийгмийн үзүүлэлт талаасаа. Энэ нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зайлшгүй тулгараад буй.

 “Хот тосгоноо хөгжүүлье гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлөх шаардлагатай”

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид

Энэ дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой хэд хэдэн заалтыг хуулийн төсөл боловсруулагчид оруулжээ. Нутгийн удирдлагын тогтолцоог яаж боловсронгуй болгохоор тусгасныг сонирхоцгооё. 

Сум, дүүргийг холбоо үгээр хэлж, зэрэгцүүлж ойлгохгүй

УИХ-аар одоо хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Хотын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох буюу улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоох тухай оруулсан.

Энгийнээр тайлбарлавал, сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн эрхийг тусад нь зааж өгч байгаа гэсэн үг. Өнөөдөр сум, дүүрэг хоёрыг ижил статусаар авч үздэг. Гэтэл хүн ам, нөхцөлийн хувьд аваад үзэхээр тэс өөр. Тухайлбал, дүүргүүд 100-150 мянган хүн амтай байгаа. Гэтэл хамгийн их хүн амтай сум нь тав, арван мянгаас хэтрэхгүй. Ингэхээр сум, дүүргийг холбоо үгээр нэрлэж, зэрэгцүүлж ойлгох нь өрөөсгөл болж байгаа юм. Тиймээс тус тусдаа, эрхтэй, үүрэгтэй байх нь тухайн нэгжүүдийн хөгжил, өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой гэж үзжээ. Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой гэж үзэж байна” гэсэн юм.

 Аймаг, нийслэл дээр ч мөн энэ ялгаагүй. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч, эдийн засгийн нөөцөөр нь харсан ч Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой гэдэг. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтооно гэдгийг оруулжээ. Одоо бол ихэнхдээ хотын юмуу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт нэрлэж, чиг үүргийн хувьд ч нэг байдаг. Гэтэл захирагч, Засаг дарга нь гүйцэтгэх үүргийн хувьд өөр байх ёстой гэнэ. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь Монгол Улсад хот жинхэнэ утгаараа хөгжих, удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудал болжээ.

Иргэдийн сонгосон Засаг даргыг 15 хоногийн дотор батламжилна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болнох дараагийн өөрчлөлт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох, мөн бүх шатны Засаг даргыг томилох  огцруулах тухай юм.

Энгийнээр бол одоо иргэдийн хурлаас санал болгоод дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн тухайд Ерөнхий сайд нь томилдог. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилохоор тусгажээ. Түүнчлэн сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгоно. Харин аймаг, нийслэлийн Засаг дарга нь 15 хоногийн дотор батламжилна. Иргэдийн хувьд орон нутгийн хэмжээнд нэг л сонгууль өгнө. Тэр нь сумынхаа Засаг даргыг бас Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох. Аймаг, нийслэл дээр өнөөдөр үйлчилж байгаа системээрээ буюу иргэдийн хурлаасаа санал болгоод Ерөнхий сайд томилдог процесс хүчинтэй үйлчлэх нь. Тэгвэл Засаг даргад хариуцлага тооцох тухайд дээд шатны Засаг дарга хууль биелүүлж, хариуцлага алдсан Засаг даргыг огцруулах заалт оруулжээ. Сум дүүргийн Засаг даргыг огцрууллаа гэхэд дахин сонгууль явуулахгүй, өнөөх дээд шатны Засаг дарга нь дараагийн хүнийг нь сонгодог байх нь. Аль ч Засаг даргыг дөрвөн жилийн хугацаатайгаар томилно.

Х.Баттулга: Хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах боломж бүхий заалт оруулсан

Тэгвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал, төсөлд мөн дээрх заалтуудтай утга нэг өөрчлөлтүүд орж байгаа юм.

Тухайлбал, тус санал, төсөлд Үндсэн хуулийн 57.3-д “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ” гэж тусгажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухайгаа “Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна” гэсэн юм.

Түүнчлэн Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн нийтлэг зохицуулалтаас харахад нийслэлийнхээ эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан байдаг. Монгол Улсад нийслэлийн эрх зүйн байдал боловсронгуй биш, ялангуяа нийслэлийн дүүргийн эрх зүйн байдлыг сумтай адилтган авч үздэг оновчтой бус, ойлголт, хандлагыг нь бүрэн өөрчлөх шаардлага тулгарсан. Нийслэлийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн бусад нэгжээс онцлог ялгаатайгаар хөгжих боломжийг бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, дэд бүтцийн тулгамдсан байдлыг оновчтой шийдвэрлэх үүднээс нийслэл нь дүүрэгт бус хотуудад хуваагдахаар тусгах нь оновчтой гэж үзсэн. Ингэснээр дүүрэг нь хотын статусаар үйл ажиллагаа явуулж тулгамдсан асуудлаа бие даан шуурхай, оновчтой шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрэлдэнэ. Түүнчлэн Монгол Улсад олон жил шийдэл хүлээж буй бусад хотын асуудлыг нэг мөр болгох, хотыг засаг захиргааны нэгж гэж тооцох, ангиллыг оновчтой болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж, уялдсан нэмэлт, өөрчлөлтийг хамаарах зүйл, хэсэг тус бүрт оруулна. Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байгаа тухай тэрбээр, дурдсан юм.

Дээр дурдсан зүйлсийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусган оруулснаар орон нутаг, хийгээд нийслэл, дүүргүүдийн нийгмийн, эдийн засгийн, эрх зүйн бүхий л орчин өөрчлөгдөх боломжтой гэж харж байгаа. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл хүргэхэд УИХ-аар эхний хэлэлцүүлэг нь хийгдэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсээр байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн  төсөл, саналыг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх хэлэлцүүлгүүд өрнөлөө. Тодруулбал, эхлээд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, дараа нь “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” нэртэй хэлэлцүүлгүүд боллоо. Мөн “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах”, “Нутгийн удирдлын тогтолцоог боловсронгуй болгох”, “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” хэмээх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Мөн УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. УИХ-ын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлжээ. Эдгээрийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн гэнэ.

 

 

 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)