Их Британийн эрх баригч Консерватив намын даргаар Борис Жонсон сонгогдлоо. Тэрээр ийнхүү Тереза Мэйн орыг залгаж нэгдсэн вант улсын 77 дахь Ерөнхий сайдаар ажиллахаар болж байна.
Өчигдөр болсон Консерватив намын сунгаанд Жонсон 92 153 гишүүний санал авсан бол гол өрсөлдөгч Гадаад хэргийн сайд асан Жереми Хант 46 656 санал цуглуулжээ. Санал хураалтын үр дүнг танилцуулсны дараа Борис Жонсон намын гишүүдэд хандан талархал илэрхийлээд "Бидний нэн тэргүүний зорилго бол Брекситээс гарах. Аравдугаар сарын 31 гэхэд Их Британи Европын холбоог бүрмөсөн орхих болно. Бид улс орноо дахин нэгтгэж Хөдөлмөрийн намынхныг ялах болно" хэмээн мэдэгджээ.
Хатагтай Тереза Мэй улсаа Европын холбооноос гаргаж чадаагүйнхээ төлөө Ерөнхий сайдын албаа өгөхөө өнгөрсөн тавдугаар сарын 24-нд зарласан юм.Үүний тулд эхлээд эрх баригч намын тэргүүний суудлаа л хүлээлгэж өгөх болсон. Борис Жонсон нэгэнт Консерватив намыг толгойлох болж байгаа тул өнөөдөр албан ёсоор Ерөнхий сайдын тушаалаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
2008-2016 онд Лондон хотын даргаар ажиллаж, 2012 оны олимпийн наадмыг амжилттай удирдан зохион байгуулсан гэдгээрээ Борис Жонсон олонд танигдсан улстөрч. 2016-2018 онд Жонсон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.