-Зургаадугаар сараас хөлбөмбөг шинэ дүрмээр тоглохоор болсон-
Хаан спортын тоглогчид ямар дүрмээр тоглохыг Хөлбөмбөгийн холбоодын олон улсын зөвлөл буюу IFAB гэж байгууллага (1886 онд Англи, Шотланд, Уэльс, Ирланд дөрвөн улсын хөлбөмбөгийн холбоо хамтран байгуулж байв) тогтоож өгдөг. 100 гаруй жилийн түүхтэй тус байгууллага жил бүр их хурлаа зохион байгуулдаг бөгөөд энэ жил Абердинд болсон 133 дугаар чуулганаараа хөлбөмбөгийн дүрэмд оруулах долоон өөрчлөлтийг баталгаажуулсан байна. “Спорт” буландаа бид дүрмийн өөрчлөлтийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэе.
Гараар бөмбөгт хүрсэн л бол алдаа заана
Хөлбөмбөгт гараар тоглох албаар уу, санамсаргүй юу гэдгийг харгалзаж шүүдэг. Тиймээс Х.Пике зэрэг класс өндөр тоглогчид аль болох санамсаргүй байдлаар бөмбөгөнд хүрэхэд суралцаж, түүнийгээ бараг л төгс хийдэг болоод буй. Дээр нь шүүгчийн үзэмж нөлөөлчих гээд байдаг гэмтэй. “ОХУ 2018” ДАШТ-ий Испани- Морокко, Испани-ОХУ-ын тоглолтын үеэр энэ байдал тод харагдсан. ОХУ-тай тоглохдоо Х.Пике А.Зюбагийн өргөсөн бөмбөгийг буруу харсан байдлаас гараараа хааж, үүнийг тодорхой харуулсан. Аз болоход шүүгч зөв шийдвэр гаргасан юм. Хэсгийн шатанд Мороккотой тоглохдоо Х.Пике торгуулийн талбай дотор, нүдэн дээр нь гараараа тоглоход шүүгч торгуулийн цохилт өгөлгүй өнгөрснийг уншигчид санаж байгаа биз ээ. Тоглолт 1:1 харьцаатай, хаашаа ч эргэж магадгүй эгзэгтэй үед Х.Пике хаалга чиглэж явсан бөмбөгийг гараараа хаагаад зүгээр өнгөрсөн. Тиймээс ирэх зургаадугаар сарын 01-нээс мөрдөх шинэчилсэн дүрэмд бөмбөгийг гараараа тоглохыг илүү хязгаарлах заалт оруулж өгсөн байна. Довтлож байгаа багийн тоглогч бөмбөгт хүрсэн бол шууд алдаа заана. Харин хамгаалагч багийн тоглогч “Номхон” тушаал авсан цэрэг шиг байрлалтай байх үед бөмбөг гарт хүрвэл л шүгэл үлээхгүй. Бусад үед шүгэл тас. Мэдээж амь наана, там цаана хамгаалж байгаа хүн цэрэг шиг номхон зогсоно гэж байхгүй учир үндсэндээ бөмбөг гарт хүрсэн л бол алдаа болно гэсэн үг юм.
Дасгалжуулагчид хуудас үзүүлнэ
Шар, улаан хуудсыг одоогоор тоглогч л харах “эрхтэй” байгаа бол дасгалжуулагчдын эрхийг мөн нээж өгсөн байна. Зургаадугаар сарын 1-нээс хэрвээ тоглолтод нөлөөлж, биеэ зүй бусаар авч явсан, зүй бус авир гаргасан бол шүүгч тоглогчдоос гадна дасгалжуулагч, техникийн ажилтнуудад хуудас үзүүлнэ. Ингэснээр дасгалжуулагч, техникийн ажилтнуудын харилцаа хандлага илүү эелдэг, боловсон болно гэж IFAB үзсэн байна.
Довтлогч багийн тоглогч хаалт болж зогсохгүй
Довтлогч талын тоглогч хаалт болж зогссоноор багтаа багагүй давуу талыг үүсгэдэг байлаа. Ядаж л эсрэг багийн тоглогчтой зууралдан, түлхэлцэх замаар цаг хождог байв. Тэгвэл шинэ дүрэмд довтлогч багийн тоглогчийг хаалтад зогсохыг хориглож, торгуулийн цохилт хийж байх мөчид хаалтны аль ч талаас нь нэг метрээс багагүй зайд байрлахыг зааж өгсөн байна. Ингэснээр, хаалт тавих гэж удаж, цаг “алдаг”, тоглолт саатуулдаг байдлыг эцэс болгоно гэж IFAB найдаж байгаа аж.
Сэлгээгээр гарч буй тоглогч аль ойрхон хэсгээр талбайг орхино
Цаг “алах”-ын эсрэг чиглэсэн бас нэг өөрчлөлт. Шинэ дүрэмд сэлгээгээр гарч буй тоглогч талбайг орхихдоо техникийн зурвасаар биш, өөртөө хамгийн ойрхон цэгээр талбайгаас гарна гэсэн заалт оруулжээ. Үр дүн ойролцоо үед дасгалжуулагч сэлгээ захиалж, техникийн бүсээс хамгийн хол зогсч байгаа тоглогчийг нэр цохдог. Сэлгээгээр гарч буй тоглогч талбайгаас гарах гэж удаашруулсан кино үзүүлэх шахдаг нь эсрэг багийн тамирчид, тоглогчдын бухимдлыг төрүүлдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл зургаадугаар сарын 1-нээс эхлээд энэ аргаар “алах” цаг ядаж л хоёр дахин (дасгалжуулагч талбайн яг төвд байгаа тоглогчийг сэлгээнд суулгахаар боллоо гэж бодоход) буурах боломж бүрдсэн.
Бөмбөгийг тоглолтод илүү хурдан оруулдаг болно
Мөн л цаг барихын эсрэг чиглэсэн заалт. Эсрэг багийн довтолгоо цохилтоор дууссаны дараа хаалгач бөмбөгт шууд хүрч болохоор боллоо. Одоогийн дүрмээр бол торгуулийн талбайгаас гарахыг нь хүлээдэг байв. Шинэ дүрэм хэрэгсэнээр тоглолт тасалдалгүй үргэлжлэх боломж нэмэгдэнэ.
Нэмэх эрх хэвээр үлдэж, шүүгчдийн ажил хөнгөрлөө
IFAB хөлбөмбөгийн дүрэмд оруулсан гол өөрчлөлтүүдийн нэг нь 11 метрийн торгуулийн цохилт, хаалгачтай холбоотой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмээр бол хаалгач эсрэг багийн тоглогчийг бөмбөгт хүрэх үед хоёр хөлөөрөө хаалганы шугам дээр зогсч байх ёстой. Зөвхөн цохисны дараа л шугам дээрээ хөлөө авч болдог. Тэгвэл шинэ дүрэмд заавал хоёр хөлөөрөө биш, нэг хөлөөрөө л хаалганы шугам дээр гишгэсэн байхад хангалттай гэж зааж өгчээ. Ингэснээр хөлбөмбөгч ямар ашиг тус гарахыг IFAB-ын гишүүд өөрсдөө ч тайлбарлаж чадаагүй. Торгуулийн цохилтыг хаах магадлал нэмэгдэх эсэх нь ч тодорхойгүй. Гэсэн ч ийм өөрчлөлт оруулсан нь шүүгчдийн ажлыг хамаагүй хялбарчилж байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Хариуцлагатай мөчид хаалгач цохилтоос өмнө хөдөлгөөн хийсэн уу гэдгийг зөв харах нь шүүгч нарын хувьд хамгийн төвөгтэй байдаг аж.
Шүүгч “юу ч биш” байхаа болино
Шүүгчийг талбайн нэг хэсэг гэж үзэж, бөмбөг шүүгчид хүрсэн ч тоглолтыг шууд үргэлжлүүлдэг нь хөлбөмбөгийн нэг онцлог байсан. Тэгвэл шинэ дүрмээр бөмбөг биед нь ойсон тохиолдолд шүүгч шүгэл үлээж, маргаантай бөмбөгний талаар шийдвэр гаргах юм байна. Дээр дурдсан долоон өөрчлөлтөөс гадна өөр бусад боломжит хувилбаруудыг IFAB өнгөрсөн оны арваннэгдүгээр сард урьдчилан хэлэлцсэн бөгөөд тэр үед “Тоглолтын үеэрх гүйцэтгэсэн 11 метрийн торгуулийн цохилт хаалгач, шон, хөндлөвчийн аль нэгэнд торж ороогүй тохиолдолд нэмж цохихыг хориглох” гэсэн заалт нэлээд эрчимтэй яригдсан ч чуулганы үеэр огт яригдаагүй юм. Хөгжөөн дэмжигч, үзэгчдийн хувьд тоглолтыг удаашруулахгүй байх зорилготой өөрчлөлтүүдийг талархан дэмжиж байгаа бол өөр бусад дүрмийн тухайд тоглогч, дасгалжуулагчид эсрэг тэсрэг байр суурьтай байна. Ялангуяа бөмбөг гарт хүрсэн л бол алдаа гэж тооцох заалтыг Францын нэрт хөлбөмбөгч, хөлбөмбөгийн зүтгэлтэн М.Платини нэгэнтээ шүүмжлээд авчээ.
ЕХХ-ны Ерөнхийлөгч асан, нэрm хөлбөмбөгч Мишель Платини
Бөмбөг тоглогчийн гарт хүрсэн л бол шууд алдаа заана гэдэг хөлбөмбөгийн үзэл санаанд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Довтлогч хамгаалагчийн гарыг нь “онилно” шүү дээ. Энэ сайн биш. “VAR” технологийг би анхнаас нь л эсэргүүцдэг байсан. Учир нь, тоглогчид телевиз л бүхнийг үнэн зөв харуулдаг гэж боддоггүй юм.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ. III сар