Өнгөрсөн ням гарагт болсон цуглааны үеэр жагсагчид болон энгийн иргэд рүү Хятадын триад буюу дээрмийн бүлэглэлийнхэн дайрсан юм. Энэ үеэр Хонконгийн цагдаа нар иргэдийг дээрэмчдээс хамгаалаагүй явдлыг олон нийт шүүмжилж байна. Бичлэгт үлдсэнээр галт тэрэгний буудал дээр байсан жагсагчид болон энгийн иргэд руу гольфын цохиураар зэвсэглэсэн, цагаан цамцтай бүлэглэл дайрсан аж. Энэ үеэр 45 хүн гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.
Нүүрэндээ цагаан маск зүүсэн дээрмийн бүлэглэлийн ард Бээжингийн удирдлагууд байгаа нь Хонконгийн цагдаагийн хойрго үйлдлээс харагдаж байна хэмээн гаднын хэвлэлүүд бичиж эхэллээ. Тэгвэл цагдаагийн дарга Стефен Чо дайралтын үеэр бусад дүүргүүдэд ажилчдаа тараан байрлуулах хэрэгтэй байсныг тайлбарлаж халдсан этгээдүүдийг олохын төлөө бүх хүчээ дайчлах болно гэлээ.