Эдийн засгийн хагас жилийн зарим үзүүлэлтүүд

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй өссөөр байгаа. Өсөлт он гараад ч үргэлжилсээр байна. Үүнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны хоёрдугаар улирлын үзүүлэлтээс харж болох юм.

Төсөв 192.2 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Хагас жилийн байдлаар Монгол Улсын төсвийн орлого 4.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин зарлага 4.7 их наяд байгаа аж. Ингэснээр төсөв хагас улиралд 192.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Төсвийн орлогын 80 хувийг буюу 4.4 их наядыг татварын орлого бүрдүүлсэн байна.

Экспорт 357.6  сая ам.доллараар өслөө

Хагас жилд Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.9 тэрбум ам.доллар бол импорт 2.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс бараа эргэлтийн хэмжээ 492.3 сая ам.доллар, экспорт 357.6  сая ам.доллараар, импорт 134.7 сая ам.доллараар өссөн юм.

Чанаргүй зээл хоёр орчим хувиар нэмэгджээ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болжээ.  Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 60 тэрбумаар буурсан хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 596.9 тэрбумаар өссөн байна. Ингэснээр нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь хоёр орчим хувиар нэмэгдэж, 10.5 хувийг эзэллээ. Нэмэхэд, чанаргүй зээлийн үүтгэл болсон хугацаа хэтэрсэн зээлийн тухайд мөн хугацаанд 751.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үеэс буурсан мөнгөн дүн юм. 

НӨАТ 98.1 тэрбум төгрөгөөр өссөн байна

Татварын хэмжээ ч энэ хугацаанд нэмэгджээ. Тодруулбал, орлогын албан татвар 219.7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 217 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 98.1 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 97.1 тэрбум төгрөг, онцгой албан татвар 85.7  тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 58.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хагас жилд Улсын төсөвт 4.4 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. сэтгүлч ухаантай юм нь өөрөө эхний өгүүлбэрээрээ аймаар дүгнээд шаачхийн ЗГ худлаа л статистик гаргуулжгаашт

    0 0 Хариу бичих