Технологийн эриний анагаах ухаан

Дэлхийд

Техник, технологийн хөгжил XXI зууны өнгө төрхийг тодорхойлж байна. Мэдээлэл, харилцаа холбоо болон анагаах ухааны салбарууд технологийн дэвшлээрээ бусдаас түрүүлэх болов. Ялангуяа 2010 оноос хойш эдгээр салбар асар хурдтай хөгжиж буй. Энэ хурд хүн төрөлхтнийг хаана хүргэхийг таах аргагүй. Хүний тархины үйл ажиллагааг дуурайж компьютерийн программ зохион хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа өндөр технологийн энэ эрин үед анагаах ухаан “Үүнээс цааш газар үгүй” хэмээн тугаа хатгатлаа хол биз ээ. Тархи судлал л гэхэд хүн төрөлхтнийг хувилж олшруулах хэмжээнд хүрчихлээ. Тиймээс технологийн дэвшил хүний оюун ухаанд гүйцэгдэхээ больж, гагцхүү ёс зүйн хил хязгаарт л тулж зогсох бололтой. Тархи судлалыг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаанаар тодорхойлох болсон. Өндөр хөгжилтэй орнууд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр хиймэл оюун ухаанд тулгуурласан технологи, биотехнологийн салбарт амжилт гаргасаар байна. Тухайлбал лабораторийн нөхцөлд хиймэл тархи ургуулж, мини тархи үүсгээд мэдрэлийн эс хоорондын дохио дамжуулалтыг судалж байгаа аж. Сармагчны генийн бүтцийг хуулбарлаж модель үүсгэн, тухайн бодгалийг хувилан олшруулах туршилтыг хятад эрдэмтэд амжилттай туршсан. Ийм аргаар 2018 онд Жун Жун гэдэг сармагчныг хувилан Хуа Хуа хэмээн нэрлэсэн сармагчныг “төрүүлсэн” нь дэлхий нийтийг гайхшируулсан билээ.

Монголд

Манай улсын анагаахын салбарт сүүлийн жилүүдэд олон дэвшилтэт технологиуд нэвтэрч байна. Тухайлбал, хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болдог хавдрын эмчилгээнд өндөр технологи ашиглах болсон. Түүнчлэн эсийн түвшинд эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах ажилбарыг саяхнаас хийж эхэлсэн гээд ахиц дэвшлүүдийг дурдаж болно. Монгол эмч нар элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн. Хамгийн хүнд, эрсдэлтэйд тооцогддог эрхтэн шилжүүлэх хагалгааг амжилттай хийнэ гэдэг анагаах ухааны технологийн хөгжил өндөр түвшинд хүрснийг илтгэдэг. Монголын анагаах ухааны салбарт эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийж эхэлсэн түүх 2006 оноос эхтэй. Манай улсад 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн ч амжилттай болоогүй ажээ. Түүнээс 10 жилийн дараа 2006 онд УНТЭ-ийн эмч нарын баг анхны амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн юм. Үүнээс таван жилийн дараа буюу 2011 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, 2014 оноос ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлжээ. Өнөөдрийг хүртэлх 13 жилийн хугацаанд 160-аад хүнд бөөр шилжүүлсэн суулгасан байна. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг энэ оны нэгдүгээр сард 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байгаа юм. Ийнхүү 200 гаруй хүнд эрхтэн шилжүүлэх хагалгааг эх орондоо хийгээд байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд дээр бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс болон нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гэсэн дөрвөн төрлийн мэс заслыг амжилттай хийж байгаа ажээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй

Богино хугацаанд олон төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн манайх шиг хийдэг ийм төв дэлхийд цөөхөн. Бид шинэ инновацад хурдацтай суралцаж, удирдлагын багийн тусламжтайгаар зөвхөн эмч нар сурах биш, эмнэлгийн бүх ажилчид суралцаж, хөгжиж, тэмүүлж байдаг.

АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

О.Сэргэлэн

Элэг шилжүүлэн суулгаж эхэлж байгаа орон 50 хувь нь үр дүнтэй байвал тухайн орныг амжилттай байна гэж үздэг. Тэгвэл манай улсын элэг шилжүүлэн суулгасан амжилт 95 хувьтай гэж гарсан. Манай улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болж бүртгэгдсэн. Хөгжиж буй орнуудаас элэг шилжүүлэн суулгадаг хоёрхон орны нэг болсон байна.

Монголын анагаах ухааны салбарт ойрын үед онцгой хэд хэдэн үйл явдал болно. Энэ нь анагаах ухааны хөгжлийг шинэ шатанд гаргах хэмжээний ач холбогдолтой байна гээд хэлчихэд буруудахгүй. Учрыг нь одоо тайлъя.

Оношилгооны үндэсний төв

Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр Ботаникийн цэцэрлэгт барьсан эмнэлэг, сургалтын цогцолбор. Энэхүү эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн хэвтэн эмчлүүлэх бөгөөд ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношилгооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай юм. Энэ нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус болж байгаагаараа онцлог. 104 хүний ортой амбулаторитой, бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг IMRI аппараттай япон стандарттай эмнэлэг. Уг эмнэлгийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд ч Японы Засгийн газар дэмжлэг үзүүлжээ. Япончуудын хувьд эмнэлэг, сургалт, судалгааны цогцолборыг барьж өгөх нь нэг хэрэг. Хамгийн гол нь орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг эзэмшсэн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг Монголд системтэйгээр бэлдэж өгөх нь чухал гэдэг концепийг барьсан. Энэ бол яах аргагүй холыг харж, хоёрыг тооцсон ухаалаг бодлого.

Эмнэлэг сургалтын цогцолбор

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төв энэ онд ашиглалтад орно. 2016 онд шаваа тавьсан уг төвийн барилга уг нь 2018 онд ашиглалтад орох байсан юм. Орчин үеийн шаардлага стандартад нийцсэн үндсэн 103 ортой, өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй энэ төвд Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопийн бэсрэг үйлдвэрийг суурилуулж, 233 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн багаж хэрэгсэл суурилуулах ажээ.

Ингэснээр уг төвд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хавдрыг эрт үед нь оношилно. Иргэд БНХАУ, БНСУ, БНЭУ зэрэг гадаадын улс оронд өндөр үнээр оношилгоо, эмчилгээ хийлгүүлэх шаардлагагүй болно.

Цөм лаборатори

АШУҮИС-ийн харьяа Цөм лаборатори 2015 онд байгуулагдсан. Засгийн газраас 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгуулсан уг лаборатори орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анагаахын судалгааны анхны лаборатори юм. Энд анагаах ухааны салбарт эсийн өсгөвөр, молекул биологи, нуклейн хүчил, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн зургаан чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацын судалгааны ажлыг хэрэгжүүлдэг. Үүгээрээ Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чанарын ахиц гаргахад голлох үүргийг гүйцэтгэж буй юм. Амьд эсийн дүрслэлийн Live Cell Imaging технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн гэдгээрээ уг лаборатори онцлог. Хамгийн сүүлд тус Цөм лабораторийн дэргэд 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бүхий Тархи судлалын хүрээлэн байгуулж энэ сарын 21- нд нээгээд байна. Энэ хүрээлэн байгуулагдсанаар манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээ шийдвэрлэх боломж бүрдэж байгааг эрдэмтэд онцолж буй.

АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал Г.Лхагвасүрэн

Тархи судлалын хүрээлэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагааг явуулна. Нэгдүгээрт тархи мэдрэлийн эд эрхтэнд байдаг замууд тэдгээрийн молекул эсийн дотоод механизмуудыг үндсэн судалгаа явагдана. Хоёрдугаарт эмнэл зүйн судалгаа буюу тархи мэдрэлийн сэтгэцийн өвчнүүдийн нарийн механизмыг эмнэл зүйн болон молекул биологийн арга байдлыг ашиглан судална. Гуравдугаарт салбар дундын судалгаа хийгдэнэ. Үүнд тархи судлалын бусад салбар шинжлэх ухаанууд ордог. Жишээлбэл хиймэл оюун ухаан, нийгмийн сэтгэл зүй ордог. Бид зөвхөн тархи судлаач гэхгүй сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, мэдрэлийн эмч, мэдээлэл технологи ч гэсэн мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийх болно.

Манай улс тархины цус харвалт, зүрх судасны өвчлөлөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг. Эдгээр өвчнийг судалж, үндсэн шалтгааныг олж тогтоох зэрэг эмнэл зүйн тал руу хандсан үйл ажиллагааг явуулахад тус хүрээлэн ихээхэн ач холбогдолтой ажээ. Мөн монгол хүний оюун ухааны гайхамшгийг үйл ажиллагаа талаас судлахад тархи судлалын хүрээлэн анхаарч ажиллах ажээ.

Харалган

Сайны хажуугаар саар гэдэг. Дээр дурдсан ололт амжилтын зэрэгцээ харамсмаар зүйл ч бий. Эмнэлгийн шав тавьж байхдаа худалдан авахаар төлөвлөж төсөвлөсөн тоног, төхөөрөмж нь тухайн эмнэлэг ашиглалтад орох үед аль хэдийнэ хуучирч, дараа дараагийн хоёр, гурав дахь үеийн технологийн ололт, дэвшлүүд практикт нэвтэрчихсэн байх энүүхэнд болж. Эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж худалдан авсан атал түүнийг ажиллуулах мэргэжилтнээ бэлдээгүйгээс шинээр нь элэгдэлд оруулж эвдэлсэн тохиолдол ч гарчээ. АШУҮИС 2014 онд 5.3 тэрбум төгрөгөөр судалгааны тоног төхөөрөмж худалдан авсан боловч одоогийн байдлаар нэг нь ч ашиглагдахгүй байгаа ажээ. Тухайлбал дэлхийд зургаахан ширхэг үйлдвэрлэсэн АНУ-ын “Фей” брэндийн электрон микроскопыг худалдаж авсан ч уг микроскопыг ажиллуулах мэргэжилтэн, боловсон хүчин огт бэлтгээгүй байсан учраас зохистой ашиглаж чадалгүй байсаар эвдэрсэн байна. Ингээд саяхан БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар 2.3 тэрбум төгрөгийг өмнөх удирдлагаар нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт тавьсан гэнэ. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг үгийг АШУҮИС-ийнхан эсрэгээр тусгаж авчээ гэмээр. Тэрбум тэрбумаар тоологдох үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирсэн атлаа түүнийг ажиллуулах хүнээ бэлдээгүй гэхээр итгэхэд бэрх.

АШУҮИС-ийн харьяа эмнэлэг, сургалтын цогцолборыг барих тухай яригдаж эхлэх үеэс япончууд уг цогцолборын орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд анхаарчээ. Энэ хүрээнд Японы хоёр томоохон их сургуульд монгол эмч нар мэргэжил дээшлүүлж, эрдмийн зэрэг хамгаалах зэргээр суралцан бэлтгэгджээ. Харамсалтай нь манай талаас шалтгаалан эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажил арав гаруй жил сунжран, энэ хооронд Японд төгсөж ирсэн эмч, мэргэжилтнүүдийн олонх нь амьдрахын тулд энд тэндхийн эмнэлгүүдэд өөр өөр чиглэлээр ажиллах болсон байна. Энэ бол өндөр үнэтэй тоног төхөөрөмж авчихаад ашиглаж чадалгүй эвдэлснээс ч долоон дор гарз хохирол юм. Анагаах ухаан хүнийг хувилахад тулчихаад байхад монголчууд бидний байгаа царай энэ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)