Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон  чамин нарийн ур хийц бүхий  мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэнгээ улаанбаатарчуудад дэлгэж байна.

Үзэсгэлэнгээс дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.

Үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 07 дугаар сарын 19-ний 11.00 цагт Монголын Үндэсний музейд болно.