АН-аас мэдээлэл хийлээ. Намын зөвлөл өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар хуралдаж, зарчмын шийдэлд хүрчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүртэл манай нам ямар нэгэн байдлаар оролцоогүй байсан. Үүний шалтгаан нь Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгах шаардлагатай гэж үзсэн учир оролцоогүй. Өнгөрсөн чуулганаар Ерөнхийлөгч оролцож, өөрийн төслөө УИХ-д өргөн барилаа. Тиймээс бид энэ удаагийн хуралд Ерөнхийлөгчийн саналыг дэмжих, мөн АН-ын саналаа хэлэхээр оролцоно. Үүнтэй холбогдуулан гол гол хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлнэ. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцыг үзэхэд Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалд нийцээгүй, энэ үйл ажиллагааг, доголдуулах, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас бид энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, энэ хуулийн хэсэг дээр ажиллана” гэлээ.