Дэлхийн өвийн ээлжит чуулган Азербайжаны Баку хотноо болж өндөрлөв. Тодруулбал, ЮНЕСКО-ийн Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 43 дугаар ээлжит чуулган Бүгд Найрамдах Азербайжан Улсын нйислэл Баку хотноо өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 10 хүртэл үргэлжлэв.
Энэхүү ээлжит чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад нийт 29 өвийн газар нутгийг шинээр бүртгэсний дотор байгалийн ангилалд 4, соёлын ангилалд 24, байгалийн болон соёлын холимог ангилалд 1 өв багтаж одоогийн байдлаар Дэлхийн өвийн жагсаалтад 167 орны 1121 газар нутаг бүртгэгджээ. Монгол улсаас 2015 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” өвийн хадгалалт хамгаалалтын талаар тус чуулганаар авч хэлэлцсэн байна. Учир нь Дэлхийн өвийн хорооноос Монгол Улсад уг өвийн газар нутгийн менежмент, үйл ажиллагааг сайжруулах тухай зөвлөмжийг ирүүлээд байсан бөгөөд үүний дагуу өвийн хадгалалт хамгаалалтын талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайланг Монгол Улс 2018 оны 12 дугаар сард Дэлхийн өвийн төвд хүргүүлсэн юм. Энэхүү чуулганаар тус өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр тодорхой зөвлөмж өгснийг оролцогчид онцлов. Дэлхийн өвийн хорооны 43 дугаар чуулганд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Хан-Хэнтийн Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ц.Түвшинбат нар оролцжээ. Дашрамд дурдахад, дараагийн Дэлхийн өвийн ээлжит 44 дүгээр чуулганыг БНХАУ-ын Фужиэн мужын Фужоу хотноо зохион байгуулахаар шийдвэр гаргасан байна.