Перу улсын прокурорын газраас ерөнхийлөгч асан Алехандро Толедог АНУ-ын нутаг дэвсгэрээс баривчилсан тухай мэдээллээ.

Толедо нь 2001-2006 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд эх нутагт нь түүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм. Прокурорууд ерөнхийлөгч асныг 20 гаруй сая долларын хахууль авсан нь баримтаар нотлогдсон гэж мэдэгджээ.

2017 онд Перу улсын зүгээс Алехандро Толедог шилжүүлэн өгөхийг АНУ-д уриалж байсан ч өнгөрсөн онд л албан ёсны хүсэлтээ тавьсан байна.Ямар нөхцөлд түүнийг саатуулсныг тодорхой заагаагүй ч гуравдугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед нь анх саатуулсан байна.