“Фитч” агентлаг Монгол Улсыг “тогтвортой” зэрэглэлд нь үлдээлээ

“Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв. Тодруулбал, тус агентлаг энэ сарын 4-нд Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг буюу “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээжээ.

Манай улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа болон төсвийн засаглалын үзүүлэлтүүд сайжирч буй нь ийнхүү зэрэглэлийг хэвээр үлдээхэд нөлөөлсөн байна. Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт (buffer) хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэх, эдийн засагт шок учрах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зэрэг нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд саад болжээ. Төсвийн ашиг 2018 онд ДНБ-ий 2.6 хувьд хүрч, батлагдсан төсөв болон Фитч агентлагийн төсөөлсөн дүнгээс давсан байна. Орлогыг нэмэгдүүлэх чиглэлд шинээр арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй хэдий ч 2019 оны 5 дугаар сарын төслийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого болон зардал тогтвортой өссөн байна. 2020 оны УИХ-ын сонгуулийг урьтаж төсвийн зарлага огцом өсөөд байгаа бөгөөд өнөөгийн төсвийн сайн гүйцэтгэл ирэх онд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Тус агентлагийн үзэж байгаагаар Монгол Улсын төсвийн алдагдал 2020 онд 4 хувьд (эрх бүхий байгууллагын төсөөлснөөс 2 нэгж хувиар өндөр) хүрэхээр байна. Иймд Фитч агентлагын суурь төсөөлөлд улс төрийн циклээс шалтгаалсан эрсдэлүүд ихээхэн нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Төсвийн гүйцэтгэл сайжирч, эдийн засгийн сэргэлт үргэлжилснээр Засгийн газрын нийт өр (GGGD) огцом буураад байна. Фитч агентлагийн суурь төсөөллөөр 2019 оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч буурах, Монгол Улсын өр 2020 оноос эхлэн алгуур буурах хандлагатай байна. Гэвч төсвийн алдагдал өндөр байхаар хүлээгдэж буй тул Монгол Улсын Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа “B” зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын медианаас их байх таамагтай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)