Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хяналт шалгалт хийж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр газарт эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийсэн байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 2 аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035 мм-ээс доош 1200 ширхэг гялгар уутыг хураан авсан байна. Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Дашрамд дурдахад, НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхаарууллаа.