Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний баяр наадмын нээлт өндөрлөлөө.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор зохион байгуулж байгаа. Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилыг уялдуулж ийнхүү нэрлэсэн юм. Нээлт хаалтын тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, Хөгжим бүжгийн консерватор, Монголын хүүхдийн ордон, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагын 2000 орчим уран бүтээлч, хамтарсан баг бэлтгэл ажиллалаа. Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллав. Тэгвэл ерөнхий продюсер СТА Б.Отгонбат, ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч СТА Г.Ган-Очир, зохиолыг санаачлагч МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир, зохиолч МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх, ерөнхий менежер П.Цэрэндагва, ерөнхий зураач О.Баярмагнай, хөгжмийн зохиолч, МУСТА М.Бирваа, ерөнхий бүжиг дэглээч МУУГЗ Д.Баярбаатар, арт костюм дизайнер Д.Ариундэлгэр нар ажиллажээ. Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргахаар төлөвлөсөн юм.






























