Нараар наадаж, хураар аргадсан Монгол наадам

-Монгол наадмын түүх-

Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ.

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийн ганцхан наадмын өглөө ургах наран хүртэл илчээ төөнөн улалзана. Тиймдээ ч монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гаднын жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг. Тэд нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл, мөрөөдлөө биелүүлдэг болов уу.

Үндэсний их баяр наадмаар зургаан насны 3000 орчим хурдан морь, 30 орчим км газарт шандас юугаа сорин уралддаг нь манай гараг дээрх хамгийн том морины уралдаан учраас гадныхан уулга алддаг юм билээ.

Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа шарлан үлдсэн байх .1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.

Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн. .

Харин 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон гээд наадмын тухай үүх түүхийг баяжуулах болсон юм.

Монгол хүн бүрийн хүүхэд насны дурсамж үндэсний их баяр наадамтай салшгүй холбоотой. Наадам үзэж, цэнгэлдэхийн гадаа тухлан хуушуур идэж, улаан ус уун  бөхчүүдийг дэргэдээс нь харж бишрэн харваачдын нумыг татахсан хэмээн мөрөөдөж, хурдан морины хүүхдүүдэд атаархдаг байгаагүй гэж үү.

Жил жилийн наадам Монгол хүн бүрийн сэтгэл дэх их омогшлыг бадраан төрт ёс уламжлалаараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг.

-Дэлхийд ганцхан Монгол наадам-

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний баяр наадам эхэллээ. Дэлхийд ганцхан Монгол наадам энэ цагийг гэрчилж, өмнөх түүхийг бататгаж, ирээдүйг гэрэлтүүлэх түүчээ нь юм. Энэ л өдөр эх орны минь өнцөг булан бүрт эцэг өвгөдийн үеэс уламжлуулан ирсэн их түүх, соёлын гайхамшгийг наадамчин олон маань нүүрэндээ мишээл тодруулан ёс жудагтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.  Их Эзэн Чингис хааны үеэс эрийн гурван наадмаа тэмдэглэж, хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, шандаст хурдан хүлэг нь хурд хүчээ үздэг байсан өвөг дээдсийн үрс билээ бид. Миний Монголын наадам нарыг аргамжиж, наадамчин олныг сэтгэлийг баясгаж, Төрийн дууллаа эгшиглүүлж, дуу хууртайгаар өргөн дэлгэр өрнөх болно. 

Дэлхийд ганцхан наадмаараа , дэнж хотойтол сайхан наадаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)