Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүр нь тодорхой утга агуулгатай байдаг тул томъёолол бүрийг нарийн шүүж, ээлжит хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой учир үүн дээр хэлбичгийн мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатай тул мэргэжилтнүүд оролцох хэрэгтэй. Тэр утгаараа Хэлний бодлогын зөвлөл уг хуралд оролцов.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь”-ийг батлан хэвлүүлж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд Улсын Их Хуралтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбар дээр хамтран ажиллахаар болов. Мөн өнөөдрийн хүлээлгэж өгсөн төслийн эх болон бусад материалыг судалж үзээд, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах боломжтой юм байна.