УИХ-ын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол, Азербайжан хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд бидэнд түүх, соёлын адил төстэй зүйл олон бий. Энэхүү айлчлал хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрбээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотод 2018 оны 11 дүгээр сард зочлох үеэрээ Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Монголын болон Азербайжаны талууд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олсон ололт амжилт болон мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын туршлагаа харилцан хуваалцах, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдох мэдээ мэдээлэл солилцох, авлигын эсрэг уулзалт, хурал, семинар, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах зорилтуудыг тусгасан. Хоёр байгууллагын нийгмийг эрүүлжүүлэх чиглэлийн хамтын ажиллагаа цаашид харилцан үр өгөөжтэй, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэгвэл Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев “Хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа уламжлалд түшиглэн амжилттай хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн нөхөрсөг дотно харилцааг онцлон тэмдэглэмээр байна” гэв. Тэрбээр Монгол Улсад байх хугацаандаа АТГ болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд энэхүү айлчлал зөвхөн хоёр байгууллагын хооронд биш, хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал гэж үзэж байна хэмээсэн юм.