Сүүлийн өдрүүдэд олон улсын эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээллийн 70 гаруй хувь нь Америк-Хятадын худалдааны сөргөлдөөнийг тойрсон мэдээлэл эзэлж байна. АНУ-ын Засгийн газрын зүгээс мэдэгдэж байгаа удаа дараагийн татварын дарамт, хориг арга хэмжээний хариуд БНХАУ-ын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаарх мэдээлэл олон улсын хэвлэлд зонхилж байна. Боломжтой олон арга хэрэгслийн нэг нь Хятадаас Америкт нийлүүлж байгаа газрын ховор элементийн экспортыг хориглох, хязгаарлах бодит эрсдэл байна гэж судлаачид үзжээ. ятадын зүгээс ийм арга хэмжээ авбал АНУ-ын технологийн компаниудад том хохирол учруулах эрсдэлтэй юм хэмээн эдийн засагчид хэлж байна. Урд хөршийн зүгээс газрын ховор металлын экспортоо хумих бодлого барьж байгаа нь огт шинэ зүйл биш юм. Бээжингийн зүгээс сүүлийн жилүүдэд худалдан авагчдаасаа нүүр буруулах хандлага гаргаад байгаа. Тус улс экспортын хэмжээгээ эрс хумиж, ховор элементийн зарим томоохон уурхайнхаа үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэлсэн.

Энэ зорилгынхоо хүрээнд газрын ховор элементүүдийн экспортын татварыг нэмсэн байна. Үүний үр дүнд дэлхийн зах зээл дээрх зарим ховор элементийн үнэ ганцхан жилийн дотор даруй гурав дахин өсжээ.

БНХАУ-ын дарга асан Дэн Сяопин нэгэнтээ "Ойрхи Дорнод газрын тостой бол Хятад газрын ховор элементүүдтэй" гэж хэлж байжээ. Нэг жилийн тоо баримтыг харахад л дэлхийн хэмжээнд 124 мянган тонн газрын ховор элементүүд зах зээлд нийлүүлсний 120 мянгыг нь Хятадад олборложээ.

Хятадын хийж буй энэ алхмыг зарим ажиглагч “Тэд ирээдүйдээ зориулан нөөцөлж байна” гэж тайлбарлаж байсан бол одоогоор энэ зах зээлд монополь байдлаа ашиглан газрын ховор элементүүдийн үнийг өсгөх, худалдааны дайнд хариу цохилт өгөх арга хэрэгсэл болгон ашиглаж байгааг онцолж байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагын мэдэгдсэнээр БНХАУ экспортоо хумиж байх зуур газрын ховор элементийн эрэлт жилд 8-11 хувиар өсч байна гэжээ.

БНХАУ-ын олборлолт экспортоо хумиад буй газрын ховор элемент Монгол Улсад их хэмжээгээр байдаг нь бидэнд таатай боломжийг олгож мэдэх юм.

Дэлхийн банк Монгол Улсыг 10 тэрбум ам.долларын газрын ховор элементийн нөөцтэй гэж дүгнэсэн удаатай. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) 2009 онд Монголыг газрын ховор металлын нөөцөөрөө БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орно гэдгийг ч зарласан. Үнэндээ, газрын ховор элементгүйгээр машин, гар утас, компьютер гээд л та бидний өдөр тутмын хэрэглээ бүтэх боломжгүй. Хүн бүрийн мэдээд байдаггүй энэ 17 бүлэг элемент дулаан, цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа гар утаснаас эхлээд дэлхийн нэлээд хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог байна. Газрын ховор элементүүдэд лантан, цери, празеодим, неодим, проимети, самарц, европи, гадалони, терби, диспрози, гольми, эрби, тули, иттерби, лютеци гэсэн лантаноидууд болон иттри, сканди багтдаг.

Эдгээр 17 элемент нь дулаан, цахилгааныг төгс дамжуулдаг ижил шинж чанаруудтай гэдгээрээ өдгөө дэвшилтэт технологи дээр суурилсан орчин үеийн хүмүүсийн амьдралын нэгэн амин чухал эд эс болсон байна.

АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40-өөд хувь нь БНХАУ-д буюу Өвөрмонголд, үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ, Афганистан, Монголд бий аж.

Дэлхийн зах зээлийн гол тоглогч хэдий ч АНУ Цахиурын хөндийгүйгээр, Цахиурын хөндий нь газрын ховор элементгүй бол юу ч биш болно хэмээн судлаачид хошигнож байна. Дэвшилтэт технологийн талбарт тоглогч бусад орны хувьд ч газрын ховор элементүүдийн хойноос хөөцөлдөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Тэгвэл тэдгээр эрдэнэсийн эрэлчдийн хараандаа авсан газрын нэг нь Монгол Улс. Манай улсын нутаг дэвсгэрт 60 гаруй ховор элементүүдийн орд илрээд байгаа ажээ. Хэдийгээр нийт хэмжээг хараахан нарийн тооцож гаргаагүй байгаа ч хамгийн том нь болох Өмнөговийн Мушгиа худаг хэмээх орд Өвөрмонголын Баян-Овоогийнхтой бараг дүйцэхүйц буюу 200 сая орчим тонн газрын ховор элементүүдийн хүдрийн нөөцтэй юм байна.

Энэ бүхнээс үүдээд гаднын хэд хэдэн орон хамтран ажиллах саналаа тавиад буй. БНХАУ-ын экспортын 65 хувийг авдаг Япон улс аль хэдэн жилийн өмнөөс судалгааг Ерөнхий сайд байсан Наото Каны үед эхлүүлж байж. Үүнээс гадна АНУ-ын “GTSO” компани Монголын талтай хамтран ажиллахаар хэдийнэ тохиролцоод, Төв аймгийн Авдрантаас илэрсэн ховор элементүүдийг шинжилж байсан аж. Хамгийн сүүлд Германы Канцлер Ангела Меркель Монголд хийсэн айлчлалынхаа үеэр сэргээгдэх эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай байгаа газрын ховор элементүүдийг Монголоос нийлүүлж хамтран ажиллахаа хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

Монголын уул уурхайн хөгжил металлургийн үе шат руу шилжиж байна. Энэ шилжилтийн үеэ ч олон улсын хөрөнгө оруулагчдад зарлах шаардлага байна. Монгол алт, мөнгө, зэс, молибден, төмөр, газрын ховор элементийн томоохон ордуудтай.

АНУ-ын Геологийн албанаас үндэсний аюулгүй байдалд нэн чухал 35 нэр төрлийн газрын ховор элементийн жагсаалтыг (arsenic, gallium, indium, scandium, bismuth, barite, tellerium, germanium, tungsten, magnesium etc.) 2018 онд шинэчлэн гаргасан юм байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ