Хонконгийн захирагч Керри Лам өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэж эх газрын Хятадтай ялтан шилжүүлэх хуулийн хэлэлцүүлгийг цуцлаж байгааг зарлажээ. Гэхдээ Хонконгийн жагсагчдын шаардаж байгаа шиг хэрэгтэн шилжүүлэх хуулиас бүрмөсөн татгалзсангүй, тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлж байгаа аж.
"Хонконгийн хууль тогтоох зөвлөл уг асуудлыг дахин хөндөх эсэх талаар санаа зовох хэрэггүй" хэмээн хатагтай Лам сурвалжлагчид ярьжээ. Энэ бүхнээс харахад БНХАУ-ын онцгой бүс Хонконгод эмх замбараагүй байдал үүсгээд байгаа ялтан шилжүүлэх хуулийн төсөл дахин сөхөгдөхгүй болов уу хэмээн таамаглаж байна.
Эх газартай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахыг эсэргүүцсэн Хонконгийн иргэд, залуучуудын хөдөлгөөн сар шахам үргэлжилж байна. Долоодугаар сарын нэгэнд жагсагчид парламентын ордонд дайран орж Их Британийн колони байх үеийн туг далбааг мандуулан, Хонконгийн өнөөгийн удирдлагуудыг огцрохыг шаардаж байсан юм.