УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг хуулийн төслийн гол агуулга нь тангаргаасаа няцсан, итгэл алдсан, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхийг хуульчлан тогтоох аж. Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагч онцоллоо.

Тодруулбал,  тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны нэг  нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх аж. Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларуст 20 хувь гэхчлэн хуульчилдаг байна. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сүүлийн үед иргэд сонгогчдоос УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна  гэдэг санал, шүүмжлэл байнга ирдэг. Энэ дагуу өнгөрсөн оны хавраас эхлэн УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа дүгнэлт хийж ажилласан. Уг хуулийн төслийг боловсруулахдаа парламентын засаглалтай  гаднын  орнуудад парламентын гишүүнд тооцдог хариуцлагын талаар судалж үзсэн” гэлээ.