Дэлхийн хэлээр Монгол урлагаа түгээх гүүр нь “Legend”

Саяхан монголчууд ямар нэгдмэл гэдгээ харууллаа. Монголын сагсан бөмбөгийн тамирчин О.Дөлгөөний амь насыг аврахын тулд. Угаасаа ч нэг хүнээ алдахад дэндүү цөөхөн шүү дээ бид. Үүнтэй ижилхэн Монголд алдахад дэндүү хайран нэг зүйл нь үндэсний урлаг болоод байна.

Өөрсдөө ч тоодоггүй үндэсний урлаг

Монголыг дэлхийгээс, монгол хүнийг бусад үндэстнээс ялгах зүйл бол Монголын соёл, урлаг. Гэтэл өнөөдөр монголчууд өөрсдөө үүнийгээ хөсөр хаяжээ. Улиг болсон залхмаар гээд чихээ таглаад, урлагын тоглолтын тасалбарын үнийг утасны төлбөрөөсөө дор үздэг жишиг тогтсон. Тийм болохоор соёл урлагийнхан нь бага цалинтай, амьдралын баталгаагүй бас дотооддоо зах зээлгүй гэж үздэг. Үүний хамгийн том жишээ нь Монголын уран нугараачид. Монголд 330 гаруй уран нугараач байна гэсэн бүртгэлтэй байдаг. Эдгээр уран бүтээлчид маань ихэнх нь гадагшаа гардаг. Монголд уран нугараачид бүтээлээ туурвих гэхээр тэр талбар нь дутмаг, мөн энэ мэргэжлийн маань цар хүрээ бага. Харин эсрэгээрээ олон улсад их байгаа учраас дэлхийн хамгийн том циркийн гоцлол нугараачид нь Монголчууд байдаг.  Бахархмаар сонсогдож байгаа ч харамсмаар байна. Дотооддоо уран нугараачдаа шингээх зайгүй гэх үү. Эсвэл нөгөө “Дэргэдэх эрдэнээ хардаггүй” гэдэг шиг юм болов уу. Морин хуурын чуулга гэхэд хамгийн сүүлийн орчин үеийн киноны дуунуудыг тоглож, гаднын тайзыг чимэж байгаа хэрнээ дотоодын үзэгчдийн хувьд  хий бахархлаас цаашгүй болж байгаа. Монголчуудын дийлэнх нь хүүхдээ дагуулаад Монгол урлагын тоглолт үзүүлэхийнхээ оронд тоглоомын төв оруулах, үнэтэй сургульд сургахаа илүүд үзнэ. “Үүнийгээ хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байна” гэдэг. Дэлхийтэй хөл нийлүүлж, хүнээс дутаахгүй боловсролтой болгох нь чухал ч тэр нь эх хэл, үндэсний соёл урлагаас нь дээр байгаа нь сонин. “Өөртөө зовлон худалдаж авна” гэдэг шиг их мөнгө төлөөд, хүүхдээ, өөрсдийгөө Монгол биш болгож байгаа нь зөв үү. Ийм байхад гаднынхан ч бидний соёлыг торгон дээл, тайзан дээр номхон зогссон дуучнаар төсөөлөхөөс хэтэрдэггүй. Угаасаа ч жуулчдад үзүүлэх юм нь тэр.

“Legend”-ээр жуулчдыг татъя

Уг нь бол жуулчид манай энэ салбарыг хамгийн их сонирхдог. Соёл урлагийн газар болон Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс өнгөрсөн онд хэвлүүлсэн судалгаанаас үзвэл, тур операторууд “Танай жуулчид Монголд аялахдаа Монголын соёлын бүтээгдэхүүнээс аль төрөл зүйлийг илүү таашааж хүлээж авсан бэ?” гэсэн асуултад “Монголчуудын Үндэсний их баяр наадам (18.6%), нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил (17.8%), язгуур урлагийн тоглолт (14%)” гэж хариулжээ. Улсын их баяр наадамтай зэрэгцээд жуулчдын цуваа наашаа чиглэж байгаа. БОАЖ-ын сайдын хэлснээр нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10 мянган жуулчин наадмын нээлт үзэх хүсэлтээ ирүүлжээ. Гэтэл манай улсын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал шахаад шахаад 13500. Тэдгээр жуулчдад бүгдэд нь тасалбараа худалдвал Монголчууд өөрсдөө наадмаа үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс 3500 тасалбар л жуулчдад өгч байгаа. Тэгтэл Монгол Улсын Засгийн газрын сая жуулчин хүлээн авах зорилт яах вэ гэсэн зовлонтой асуулт байгаа. Жуулчдын сонирхол болон эрэлт байна. Дотооддоо ч тоогддоггүй ч дэлхийн сонирхлыг татаж байгаа үндэсний урлаг байна. Үүнийг хослуулаад наадмаар ирэх жуулчдыг татах мэргэн санаа байж болох. Энэ бол “Legend” тоглолт юм.

“Legend” юу өгүүлэх вэ

Үндэсний урлагийг орчин үетэй, дэлхийн сонгодогтой уясан энэ тоглолт нь наадмын үеэр буюу энэ сарын 7-12-нд “Корпорейт”-ын тайзнаас үзэгчдэд хүрэх юм. Энэ наадмаар нүүдэлчдийн язгуур урлаг орчин үеийн хэлбэрт уусан шингэж театр, хөгжим, дуу, шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохирсон цогц хэлбэрийн энтертайнмент шоу тоглолт болон мэндлэх юм.

Энэхүү шоу тоглолт Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, эрдэмтэн Б.Ренчиний ариун сэтгэл, хагацашгүй хайрын бэлэгдэл  “Бэр цэцэг”-ийн домгийг өгүүлж үзэгчдийн мэлмийг нээнэ. Товчхондоо хэлэхэд, “Legend” шоу нь язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертаймент шоу хэлбэрийн тайзны бүтээл бөгөөд дэлхийн хэлээр үндэсний урлагаа түгээх гүүр нь юм. Ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн найруулагчаар Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан тэргүүтэй 100 гаруй уран бүтээлчийн хамтарна.

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын татах гэсэн төрийн бодлогын хүрээнд бид бүхэн "Legend" буюу домог гэгдэх энэхүү бүтээлийг хийж байна. Монголын түүхийн эрье гэвэл дэлхийн түүхийг эр гэж үг бий. Энэ утгаараа дэлхийд өөрсдийн ахуй соёлоороо л ялгардаг. Бидэнд маш их түүх домог бий. Монголчууд өөрсдөө хөдөлгөөнт ард түмэн учраас дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон байна. Тиймээс монголчуудын язгуур зан чанар, дотоод сэрэл мэдрэмжийг цочроож, нүүдэлчдийн философи сэтгэлгээг таниулахаас гадна аливаа зүйлийн мөн чанарт л анхаарах цаг нь болсон гэдгийг энэ тоглолтоороо харуулах болно. Монголын үндэсний урлагийн төлөөлөгчид энэхүү шоу тоглолтонд нэг баг болон орж байна. Тиймээс та бүхнийг дэлхийд ганцхан баяр наадмаа тохиолдуулан өөрсдийн өв соёл философи сэтгэлгээг үзэж сонирхоорой гэж урьж байна.

Хөгжмийн найруулагч  Д.Түвшинсайхан

 “Legend”-ээс монгол ахуй сүртэй харагдахгүй ч ахуйд шингэсэн философилог чанар, гүн үзэл санаа нь мэдрэгдэнэ. Дорныхон цээж хавтаслах гэж ярьдаг даа. Цээжинд үлдсэн зүйлс гэж. Орчин үеийн нүргээнд энэ маань эвдрээд алга болж байна л даа. Хэлбэр нь эвдрэхээрээ үндэс нь эвдэрчих гээд байдаг. Legend шоу маш орчин үеийн шийдэлтэй, технологи гэх мэт талаасаа супер шоу маягтай болох ч нөгөө талдаа язгуурын, үлдээх учиртай зүйлээ хадгална. Учиргүй эвдэхгүй. Этник бол өөр хөгжим. Манайхан ойлгохгүй байгаа анзаарагддаг. Этник гэхээр уламжлалт гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ этник бол зохиомол. Уламжлалт хэрэгсэл, уламжлалт дэгийг тодорхой хэмжээнд эвдээд, өөр хөгжмийн аяст оруулаад шинэчилж гаргаж ирдэг зүйл. Үүсмэл хэрнээ танигдахуйц. Тэр утгаараа бид дууны урлаг руу явбал үндсээ барина гэж харсан.

Тоглолтын найруулагч Ц.Батнайрамдал

Бид өмнө нь ашиглаж байсан оюуны бүтээлүүдээс нэгийг ч ашиглахгүй, бүх хөгжим шинээр хийгдэж байгаа. Нэг чиглэлийг барьж, нэг хүний уран бүтээл давамгайлж хийгддэг одоогийн энэ байдлаас өөрөөр сэтгэж, багаараа нэгдмэл уран бүтээлийг босгосон. “Legend” төсөл  одоогоор 80 хувьтай явж байна. Урлагийн төрөл зүйлүүдийг нэгтгэж дэлхийд сурталчлах гэсэн бидний зорилго эхний алхамдаа хүрэхэд тун ойрхон болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)