Сэтгүүлчдийн солонгын өнгөт аялал

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо тав дахь удаагийн сургалтаа "Сибирийн цэнхэр нүд" гэгддэг үзэсгэлэнт Байгаль нуурын эрэг дээр 40 сэтгүүлчийг хамруулж хийсэн юм. Хэрвээ хэн нэгэн надаас энэ сургалт, аялалыг өнгөөр дүрслээч гэвэл би солонгын өнгөт аялал байлаа гэж онцолно. Учир нь бид "Мазаалай номадик тур" аялалын компанийн маршрутаар өнгө алаглуулан аялсан юм.  Аялал эхлэхэд л нийслэлээс хур дагуулан Аглаг бүтээлийн хийдийг зорьсон. Харин биднийг эхний зорьсон Аглаг бүтээлийн хийдэд нар шаран байгаль дэлхий үзэсгэлэн гоогоо дэлгэн зуны сайхныг мэдрүүлсээр угтсан. Тэнд хоёр цаг саатахад хүн бүр л гар утсандаа Аглаг бүтээлийн хийдийг өөр өөрийн өнцгөөр өнгө будагтай нь хослуулан буулгасан юм. Аялал цааш үргэлжлэн гал улаан автобустайгаа жаргах нарны шаргал туяа руу довтолгон орчноо тольдсоор замдаа бууж ундлаад, хилийн дээс алхацгаав.

Өглөөний сэрүүн агаарт үзэсгэлэнт Орос орныг цонхоор зураглан Иволгин дацанд хүрсэн. Зуны налгар өдрүүдэд Иволгин дацны ойр орчин өнгө алгалан нүд баясган сэтгэл уяраан гар утсаараа зураглаач гэх шиг гоёхон байсан. Зуун дамжин ард түмэнд хайр, энэрлээ түгээн хүслээр нь тэтгэсээр байгаа "Амьд бурхан" гэж нэрлэгддэг Итгэлт хамбын гэгээн дүртэй учран золгохыг хүссэн олны хөл энд тасрахгүй аж.

Хуучин сүмийн шаргал орой, хийц загвараа хадгалан үлдсэн модон дацан, ногоон торгон гоёлоо өмссөн моддын дундаас тодрон харагдан сэтгэл амирлуулна. Тэндээс аялал цааш үргэлжлэн бид орой нь зорьсон газраа болох Байгаль нуурын эрэг дээр байрлах "Зори" амралтын газар очсон. Оройн сэрүү буугаагүй нуурын эрэг дээр нутгийн иргэд усанд шумбан байлаа. Бидний байрлах өрөөндөө өөр өөрийн тээшээ буулган төвхнөөд оройн хоолныхоо дараа Байгаль нуурын эрэг дээрээс нь жаргах нарны туяанд хөвөө хязгааргүй цэлэлзэх долгио цэнхэртэх үүлс чимэх саглагар модод алтрах элстэй нь гар утас, гэрэл зургийн аппаратаараа уралданхан буулгацгаасан.

Маргааш өглөө нь нуурын эрэг дээр нарны илчинд биеэ ээн элсэн дээр хөл нүцгэн гүйнэ дээ гэсэн мөрөөдлийг минь үүлс залгин манан буулган хураа илгээн угтсан. 
Шиврээ бороотой өглөөний цай, шинэхэн багшийн сургалт аялалых бас нэгэн өнгө болон зурагдсан. Энэ удаад "Amar Investment” ХХК-ийн захирал Ч. Сайхнаа "Хувь хүний хөгжил" сэдвээр сургалт зохион байгуулж, өөрийнхөө сайн болон дутагдалтай чанарыг тоочин бичүүлж, өөрийгөө тольдон хэрхэн цаашид хөгжих тал дээр санаа оноо өгсөн нэг цагийн сургалт нисэх мэт хурдан өнгөрсөн. Хэзээ өөртэйгөө ярилцаж дүгнэлт хийсэн, хамгийн сүүлд ямар ном уншсан хийгээд хувь хүний хөгжилтэй холбоотой амьдралд ойр жишээг ашиглан ярилцсан учраас багшийн сургалт үр өгөөж дүүрэн байлаа. 

Өдөр дүнсийн сааралтах нуурын мандал дээгүүр усан онгоцоор арал чиглэн аялж, гэрэл зургаа хамтдаа татуулсан.  Үдэш нь хөхрөн цэнхэртэх нуур хурын үүлстэй хаяа тэрлэн жаргах шаргал наран сэтгэл хөвсөлзүүлэн гоёхон байлаа. Биднийг буцах өглөө тэнгэр хураа татан үүлэн чөлөөний нар нуурын мандал дээр гялтгананхан үдсэн юм. Бид Байгаль нуурын эргээс гэрийн зүг хүлгийн жолоо залан замаараа Улаан-Үүд хотод саатан дэлхийн хамгийн том алдарт Ленин багшийн толгойн хөшөөний дэргэд зургаа татуулсан. Мөн Монголын сонгодог урлагийн дэлхийд гайхуулах байгаа дуурийн дуучин, Чингис хааны одонт Г.Ариунбаатарын нэгэн цагт уригдан гоцлол дуучнаар ажиллан уран бүтээлээ туурвиж байсан Буриадын дуурийн театрын өмнө зургаа авахуулан  хоттой танилцан дэлгүүр, захаар зочлон хайртай дотнын хүмүүстээ бяцхан бэлгээ зэхсэн. 
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны энэ зуны аялал ийнхүү 70, 80, 90 оныхон багтаасан учраас  нас нь хүртэл өнгө алаглан аялалын таван өдөр бороо, хур, манан, нартай хослон сэтгэлд өнгө сүлэлдэн солонгорон үлдсэн юм. 

Баярлалаа, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны хамт олондоо. Солонгорсон дурсамж, шинэхэн танилцсан сэтгүүлчид, Байгаль нуур, Иволгин дацан, Аглаг бүтээлийн хийд одоо ч нүдний өмнө зурайсаар байна....


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баярлалаа ямар гоё мэдээлэл вэ

    0 0 Хариу бичих