Жэфф Готтлийб: ОУВС-гаас орох бүх санхүүжилтийг олгоно. Гэхдээ...

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн энэ сарын 19-28-нд Монгол Улсад ажиллав. Тус ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб айлчлалын үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ОУВС-гийн хөтөлбөрөөс орж ирэх ёстой санхүүжилт хугацаанаасаа нэлээн хоцорсон байгаа. Гэтэл хөтөлбөр дуусах хугацаа улам дөхөөд байна. Тэгэхээр орж ирэх ёстой санхүүжилтийг хугацаанд нь багтааж оруулах уу?

-Төв банкны шалтгалтын дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байвал Захирлуудын зөвлөлд асуудлыг оруулаад санхүүжилтийг олгоно. Энэ үйл явц маань хүлээгдэж байгаа учраас нэлээн олон үнэлгээ хойшлогдсон. Тиймээс хоёр үнэлгээг хамтатгаад хийж болно. Товчхондоо, ОУВС-гаас орох бүх санхүүжилтийг олгоно. Гэхдээ хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтийг олгож чадахгүй болов уу гэж бодож байгаа. 2020 оны тавдугаар сар гэхэд олгогдох ёстой санхүүжилт бүрэн олгож дуусаагүй байвал Монгол Улсад хоёр сонголт үлдэнэ. Нэг нь хугацааг уртасгах. Эсвэл дахин шинээр хөтөлбөр тохирох.

-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй, эрсдэлтэй байвал хөтөлбөр дуусахгүй гэж ойлгож болох нээ. Тийм үү?

-Тийм ээ. Банкуудад хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгнө. Бусдаар арилжааны банкууд эрсдэлтэй байх нь ОУВС-гийн хөтөлбөр дуусна гэсэн үг биш.

-Төв банкны үнэт цаас сүүлийн үед нэмэгдээд байгаа. Энэ нь эдийн засагт эрсдэл дагуулах тухай асуудал бий л дээ. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Төв банкны үнэт цаас бол эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалдаг маш чухал бодлогын хэрэгсэл. Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа тохиолдолд үнэт цаас нь дагаад нэмэгдэхээс өөр аргагүй байдаг. Эдийн засгийнхаа онолоор шүү дээ. Яагаад гэвэл нэгдүгээрт, эдийн засагт инфляцын дарамт үүсэхээс сэргийлэх, хоёрдугаарт, валютын ханшийн уналтаас сэргийлэх зорилготой байдаг. Монгол Улсын тухайд өнгөрсөн гурван жилд Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа тул түүнийгээ дагаад Төв банкны үнэт цаас нэмэгдэж байгаа юм. Энэ бол зах зээлийнхээ дагуу л явж байгаа хэрэг. Гэхдээ нөгөө талаасаа Төв банкны үнэт цаасны хэмжээ нэмэгдэх хэрээр тус банкны баланс дээр тодорхой хэмжээний зардал нэмэгдэж байдаг.

-Банкуудын зээлд хязгаар тавьж байгаа. Үүнээс үүдээд ББСБ-аас өндөр хүүтэй зээл авах эрсдэл байгаа. Энэ зээлийн хязгаар зөв үү?

-Төв банк иргэдийн өр орлогын харьцаан дээр хязгаарлалт тавьсан нь маш зүйтэй бодлогын арга хэмжээ юм. Энэ нь нэгдүгээрт, зээлийн өсөлтийг хязгаарласан. Цаашлаад төлбөрийн тэнцэл, инфляц, валютын ханшин дээр бий болж байсан дарамтыг буулгасан. Хоёрдугаарт, санхүүгийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах буюу өрхийн орлогыг хамгаалах бодлого юм. Иргэд өөрсдийнх нь орлогын ихэнх хувь нь өрөнд яваад байхад анзаардаггүй байсан бол Төв банкны энэ бодлого хэрэгжсэнээр өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Хамгийн сүүлд зээлийн харьцааг 60 хувь болгосон шүү дээ. Үүнийг олон улсын туршлагаар харахад өндөр байгаа. Тэгэхээр цаашид ч үүнийг бууруулах ёстой. Нөгөө талаас арилжааны банкуудын зээлд хязгаарлалт тавьснаар иргэд ББСБ-уудыг зорьж байгаа. Энэ салбарын зохицуулалт банкуудтай харьцуулбал сул байж магадгүй. Тэгэхээр энэ салбарын хяналтыг ч сайжруулах хэрэгтэй.

-Монгол Улс эдийн засгийн хувьд ямар эрсдэлтэй байна вэ. Энэ онд хар жагсаалтад орох эрсдэл бас байгаа?

-Банкны салбарын шинэчлэлийг эдийн засаг өсөлттэй үед хийх нь хамгийн зөв байдаг. Одоогийн энэ Монгол Улсын эдийн засгийн өсөлт бол маш өндөр өсөлт. Банкны салбарын шинэчлэлийг эдийн засаг муу байхад хийвэл эргээд эрсдэлд оруулдаг. Одоо бол маш тохиромжтой цаг үе.

-Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл санаачлах хүртэл хэмжээнд яригдаж байна. Үүнийг ОУВС-гаас хэрхэн харж байна вэ?

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай асуудал бол тухайн хуульд ямар тогтолцоо, зүйл заалтыг оруулж байна вэ гэдгээс хамаатай асуудал. Ер нь мөнгө хүүлэлтийн эсрэг хууль тогтоомж байх нь нийтлэг туршлага. Хүмүүс 50, 60 хувийн хүүтэй зээл авахгүй байхын эсрэг хууль байх нь бол зөв. Нөгөө талдаа зээлийн хүүгийн хязгаарыг 15, 20 гэх мэт яг тоо хэлж тогтоох юм бол эдийн засагт том гажуудал бий болгоно. Арилжааны банкуудын тухайд зээлийн хүүгээрээ дамжуулж, өөрсдийн үйл ажиллагааны зардлыг нөхөн санхүүжүүлж байдаг. Тэр зардлаа санхүүжүүлэх боломж нь зээлийн хүүгийн дээд хязгаараар хумигдвал, олгож байгаа зээлийнхээ хэмжээнд хязгаарлалт хийнэ. Банкнаас илүү ломбард, ББСБ-ын зээлийн хүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь тэднээс үйлчилгээ авдаг өрх Монгол олон бий. Тэдний эрх ашгийг хамгаалах нь илүү чухал зорилт гэж харж байна. Банкны системийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх хэмжээнд зээлийн хүүд хязгаар тогтоовол валютын сангийн хөтөлбөр хэрэгжихэд хүртэл сөрөг нөлөөтэй.

-Валютын ханш Монгол Улсад сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа. Үүнд Төв банкийг буруутгах хандлага бий. Төгрөгийн тогтвортой байдлыг Төв банк гацаараа хангаад явах хэрэгтэй юу?

-Төгрөгийн ханшийн тухайд хэд хэдэн зүйл хэлмээр байна. Валютын ханш унана  гэдэг бол эдийн засгийн бодлого амжилтгүй байна гэсэн үг биш. Энэ бол эдийн засгийг эрүүл чийрэг авч явахад зайлшгүй тулгардаг зүйл. Ханшийн уналт явагдаж байвал, тухайн системд алдаа гарсан байна гэдэг дүгнэлтийг автоматаар хийж болохгүй. Гэхдээ монголынх шиг эдийн засагт ханшийн уналт их хэмжээгээр явагдвал хувийн компанийн санхүү болон инфляцид сөргөөр нөлөөлнө. Өрсөлдөх чадвартай ханшийн тогтвортой байдлыг дунд хугацаанд бий болгохын тулд дараах гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, мөнгөний болоод төсвийн бодлого хангалттай хэмжээнд хатуу байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн бодлого хангалттай хатуу байсан. Харин мөнгөний бодлого харьцангуй зөөлөн байлаа. Энэ нь зээлийн өсөлтөөр харагдсан. Тэгэхээр цаашдаа төсвийн тэнцэл ашигтай байж, зээлийн өсөлтийг бууруулах хэрэгтэй. Сүүлийн үед Монгол Улсад орж ирж байгаа автомашины импорт нэмэгдсэн. Энэ нь төлбөрийн тэнцлийг алдагдалд оруулж байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин. Монгол Улс урт хугацаатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр төгрөгийн ханш тогтвортой байхаас гадна ажлын байр нэмэгдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих
  2. Санхүүжилтээ өгөхгүй гэж байгаа юм байна.

    0 0 Хариу бичих