ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Монгол Улсад ажиллав. Энэ сарын 19-28-нд Жэфф Готтлийбээр ахлуулан ажилласан ажлын хэсгийнхэн өнөөдөр айлчлалаа дүгнэж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Энэ нь Монгол Улсын эрдэс баялагийн түүхий эдийн гадаад эрэлт өндөр байсан болон ханш өсөлттэй байсантай холбоотой. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн, мөнгө зээлийн нөхцөл байдал сайн байсантай холбоотойгоор ДНБ-д бодит өсөлт боллоо. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал, Монгол Улсын эдийн засаг харьцангуй хүчирхэг болсон. Татварын орлого нэмэгдэж, төсвийн зарлагаа харьцангуй хязгаарлалаа. Ингэсний үр дүнд төвсийн алдагдал ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч, Засгийн газрын өр 13 хувиар буурч, ДНБ-ий 75 хувьд хүрлээ. Гэхдээ энэ нь ОУВС-гийн тодорхойлолтоор. Цаашид Монгол Улс энэ өсөлтөө алдахгүй тогтвортой байх хэрэгтэй” гэлээ.

Ажлын хэсгийнхэн айлчлалын хүрээнд дараах зөвлөмжийг өгсөн байна. Нэгдүгээрт, төсвийн зардлаа хязгаарласан хэвээр байх. Хоёрдугаарт, зээлийн өсөлтийг хязгаарлах. Зээл их байх нь эргээд төгрөгийн ханшид сөрөг нөлөө үзүүлж буйг дурдав. Гуравдугаарт, банкны хяналтыг сайжруулахыг зөвлөжээ. Хамгийн сүүлийн буюу гуравдугаар зөвлөмжийн дагуу хийж буй ажлууд хүлээгдэж буй тул зургаадугаар шатны санхүүжилт орохгүй байгааг ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб онцлов. Мөн зургаадугаар шатны үнэлгээг эцэслэхэд, ОУВС Монгол Улсад хоёр шаардлага тавьжээ. Нэгдүгээрт, 2018 оны тавдугаар сард Төв банкнаас хүргүүлсэн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг арилжааны банкууд бүрэн биелүүлсэн байх. Хоёрдугаарт, Монголбанк хөндлөнгийн судалгааны байгууллагаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн арилжааны банкуудад шалгалт хийх зэрэг юм.