Германы алдарт “BMW” группийн 100 жилийн ой энэ сарын 7-нд болж өндөрлөв. Тус группийнхэн ойн арга хэмжээний үеэр “BMW Vision Next 100” хэмээх шинэ загвараа Мюнхэнд танилцуулсан юм. Энэхүү загвараа удахгүй Бээжин, Лондон, Лос Анжелес хотод болох үзэсгэлэнд үзүүлэх аж. “BMW Vision Next 100” хэмээх уг загвар нь алтадмал өнгөтэй, хоёр хаалгатай, хажуудаа тавган бүрхүүл бүхий дугуйтай бөгөөд жолоодлогоо өөрсдөө бүрэн хянах боломжтой гэдгийг “BMW”-ийн тэргүүн Харалд Кругер онцоллоо.
Дашрамд дурдахад, “Bayerische Motoren Werke” буюу “BMW" компани анх 1916 онд байгуулагдаж байсан бөгөөд анх нисэх онгоц үйлдвэрлэж байв. Ингээд 1923 оноос мотоцикл, 1928 оноос автомашин үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.

