Мөнгөө боож,  авдартаа хийгээд хулганад идүүлдэг киног монголчууд мэднэ. Тэр үед бүхий л Монголчуудын банк нь авдар байсан хийгээд, тийм бэрхшээл цөөнгүй байсан . Түүнээс хойш монголчууд банк төдийгүй санхүүгийн бүхий л салбарын хэрэглэгч, харилцагч болжээ. Хөрөнгийн зах зээл гэдгийг цэнхэр, ягаан тасалбараар төсөөлдөг байснаа хэдийн больж, хөрөнгө эргэлдүүлэх арга болгон хэрэглэх нь ч бий. Арай нэг ахиж, санхүүгийн салбарыг банкаар төсөөлдөг байсан бол даатгал, банк бус, хадгаламж зээлийн хоршоо зэргээр өргөжжээ. Сүүлийн үед цаг үетэйгээ уялдан “цахим хэтэвч” гол хэрэглээ ч болсон байна. Энэ мэт санхүүгийн салбарт Монгол Улсад хүрээгээ тэлсээр байгаа. Тэлсээр байгаагийн баталгаа нь санхүүгийн салбарын өсөлт юм. Салбарынханы сайшаан хэлснээр “20 жилийн өсөлт сүүлийн хоёр жилд ирлээ” гэх нь ч бий. Энэ удаадаа бид банкнаас бусад санхүүгийн салбарын өсөлтийг сонирхлоо.

Сүүлийн үед чихэнд чимэгтэй байгаа салбар бол хөрөнгийн зах зээл. Эдийн засгийн өсөлттэй уялдан компаниуд ашигтай ажиллаж, түүнээсээ ногдол ашиг тарааж байна. Шинэ он гараад сар бүр нэг компани ногдол ашиг тарааж байгаа талаар мэдээлэл ч  хэвлэлийн хуудсыг чимээд буй. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан I улирлын тайлангаар “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-аар дамжуулан нийт 49.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 15.3 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 29.1 тэрбум төгрөгийн хувьцаа, 4.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50.0 сая төгрөгийн компанийн өрийн хэрэгсэл, 9.6 сая төгрөгийн хувьцааг арилжаалжээ.

Даатгалын зах зээлийн тухайд манайд албан болон сайн дурын гэж бий. Одоогоор манайд албан журмын даатгал давамгайлдаг ч иргэд даатгалын ач тусыг илүү их мэдэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд Сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний  эмчилгээний зардалд нийтээрээ туслалцаа үзүүлж, цахим давалгаа явуулахад, олон нийтийн сүлжээгээр даатгалын ашиг тус хийгээд, дотоодын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүтцээр нь өөрчлөх хэрэгтэй гэсэн санал олонтаа гарсан нь үүний илрэл юм. Нөгөө талаасаа даатгалын салбар итгэл даадаггүй, иргэд итгэдэггүй гэсэн олон “гүй”-гээс үүдэн асуудалтай тулгардаг ч жил бүр даатгалын салбарын хөрөнгө өссөөр байна. Үүнийг дор харуулъя. Даатгалын салбарын гол үзүүлэлтүүдийн нэг компаниудын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өсөж 327.6 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн даатгалын салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан  талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв. Ингэснээр давхар даатгалын нийт хөрөнгийн салбарын үзүүлэлтэд эзлэх хувь  өнгөрсөн оны мөн үед 17.1 хувь байсан бол тайлант улирлын байдлаар 21.3 хувь болж өссөн байна. Салбарын нийт хөрөнгийн 75.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.8 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө эзэлж байгааг дээрх тайланд дурджээ. Харин нийт хураамжийн орлого өмнөх оны нэгдүгээр улирлаас 8.5 хувиар өсөж 38.3 тэрбум төгрөг болов. Энэхүү өсөлтийн 98 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлогын өсөлт бүрдүүлэв. Хураамжийн орлогын төвлөрүүлэлтийг авч үзвэл даатгалын зуучлагчид 7.1 тэрбум төгрөг буюу 18.5 хувийг, даатгалын төлөөлөгчид 8.7 тэрбум төгрөг буюу 22.7 хувийг бүрдүүлжээ.

Муу нэртэй, модон данстай гэдэг ч аминд тулсан үед иргэдийн зорин очдог газруудын нэг бол ББСБ-ууд. Төв банк өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээний зээлд хязгаарлалт тавьсан. Энэ нь улсын цаашдын эдийн засгийн ирээдүй, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд нөлөөтэй гэж тэд тайлбарласан. Нөгөө талаас иргэд үүнд тун бухимдалтай хандсан. Харин тэдний зүглэх газар нь ББСБ-ууд. Одоогоор нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу 10 төрлийн үйлчилгээг эрхэлдэг. Үүнээс дийлэнх нь буюу 91.5 хувь нь зээлийн үйл ажиллагааг эрхэлж, 8.5 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг эрхэлдэг байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь жилийн дотор энэ салбар 348.7 тэрбум төгрөгөөр өссөнийг илтгэж байгаа юм.