Түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар "Нийслэлийн орон сууцны корпорац"-ын захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.
-Түрээсийн орон сууцтай холбоотой шинэ журам боловсруулж, хэлэлцүүлэх гэж байна. Энэ журмаар иргэдийг хэрхэн хамруулахаар тусгасан бэ?
-Эхний ээлжинд тус орон сууцыг таван жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэйгээр олгохоор санал өгсөн байна.
-Гол заалтуудаас тодруулахгүй юу?
-Инженерийн дэд бүтэцгүй, гэр хороололд амьдарч байх ёстой гэсэн шаардлага байгаа. Мөн залуу гэр бүлд түрээслүүллээ гэхэд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоогоор нь гэх зэргээр ангилаад хамруулна. Өрх толгойлсон эцэг, эхэд түрээслүүлбэл, хүүхдийн тоог нь хараад хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхлээд түрээсийн орон сууцанд оруулна. Энэ журам сая Засаг даргын зөвлөлийн хурлаар орсон. Энэ журмандаа мөн Засаг даргын зөвлөлийн дэргэдэх Орон сууцны зөвлөл түрээсийн орон сууцанд амьдрах өрхийг сонгохдоо сугалаагаар явуулах уу, сонгон шалгаруулалтаар явуулах уу гэдгээ өөрсдөө шийдэж болох тухай мөн оруулсан. Иргэдээс сугалаагаар явуулах нь зүйтэй гэдэг санал олон ирсэн. Гэхдээ сугалаагаар явуулахдаа олон нийтээс бүрэн санал авах ёстой гэж зарим гишүүд хэлсэн. Бидний боловсруулсан журамд сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулах боломж бий. Энэ журам ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдвал. ХЗДХ-ийн яаман дээр мөн хянагдана. Ингэснээр хэрэгжих юм.
-Иргэдийг хэзээнээс бүртгэх вэ?
-“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцыг Улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Мөн Хөгжлийн банктай хэлэлцээрийн асуудал дуусаагүй байгаа. Тиймээс түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг ирэх сарын 22-ноос хийхээр төлөвлөөд байна. Тэгээд наймдугаар сараас иргэд байрандаа орох боломжтой болно.
-972 айлын орон сууцны хэдийг нь өмчлүүлэх, хэдийг нь түрээслүүлэхээр болсон тухай тодруулахгүй юу?
-Нийслэлийн орон сууцны корпорицаас энэ орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүй, түрээсийн хэлбэрээр ашиглана. Үүнд найман төрлийн иргэн хамрагдана. Мөн 30 хувийг нь түрээслүүлээд, дараа нь өмчлүүлэхээр болсон. Энэ бол маш эрэлттэй байгаа. Таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөө төлөөд дуусах боломжтой. Ипотекийн зээл урт хугацаатай, тэгээд үндсэн төлбөр нь үлддэг. Тиймээс бид таван жилийн хугацаанд үндсэн төлбөр нь дуусахаар зохицуулсан. Үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууцанд барихад зориулсан газар чөлөөлөлтөд зарцуулахаар санал оруулсан. Эдгээр нь бүгд янданг бууруулахад чиглэсэн.
-Тооцоолол хийсэн үү. Таван жилд зургаан хувийн хүүгээ төлнө гэхээр сард иргэн хэдийг төлж байж, байраа өөрийн болгох вэ?
-Сарын төлбөрийг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийхээр ажиллаж байна. Мөн урьдчилгаа төлбөр хэдийг төлснөөсөө л шалтгаална.