Дэлхийд алтны үнэ өсөж байгаа ч алт тушаалт нэмэгдээгүй

Алтны ханш өнгөрсөн долоо хоногт өсөж, 1400 ам.доллар давсан бол энэ долоо хоногт ч мөн өсөлт үргэлжилж байна. Ингэснээр спот ханш 1439 ам.доллар буюу сүүлийн зургаан жилийн дээд цэгт хүрээд байгааг Eagle news телевизийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлгээр эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэллээ.

АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар зэхэж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг дахь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Улмаар хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй шийдвэрээс зайлсхийж алтыг сонгох нь нэмэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ 2019 оны үлдсэн хугацаанд үнэт металл алтны ханш үргэлжлэн өсөх төлөвтэй гэсэн таамгийг томоохон банк санхүүгийн байгууллагууд дэвшүүлж байна. Тухайлбал, “Morgan Stanley” өмнөх таамгийнхаа дүнг ахиулж, энэ оны II хагаст алт дунджаар 1435 ам.доллароор арилжаалагдана гэж тооцоолоод байна. Харин ирэх 2020 онд 1338 ам.долларын дундаж ханштай байна гэж урьдчилан таамаглаж байгаа юм.

Дэлхийн худалдааны дайны улмаас эдийн засгийн хүлээлтийн байдал үүсч үүний хэрээр шар металийг  “цааш нь хийх” үйл явц өрнөж байгаа бололтой. Тэгвэл манай улсын алтны нөөц ямар байна вэ.

Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан бол дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж буй. Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон билээ. Өмнө нь АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Нэгдүгээр улирлын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 384 кг алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа.

Ялангуяа 3 дугаар сард 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, бараг 90 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар ГВАН-ийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн бол энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа ч олон нөхцөл, байдлын улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байгаа гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал  А.Энхжин ярьсан байсан.

Түүх сөхвөл, Монголбанкинд 1999 онд 99 үйлдвэрээс 10,902.4 кг, 2001 онд 117 үйлдвэрээс 13,760.03 кг, 2005 онд 133 үйлдвэрээс 15,232.9 кг алт худалдан авч байжээ. Хэдийгээр жил болгон алт худалдан авалт нэмэгдэж байсан ч 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” үйлчилж эхэлснээр 2006 онд 130 үйлдвэрээс 9,024.4 кг, 2010 онд 106 үйлдвэрээс 2,116.6 кг алт худалдан авсан нь алт олборлогчид алтаа тушаах нь эрс багассантай холбоотой юм. Үүнтэй уялдуулан 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль”- ийг хүчингүй болгон “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-ээс 5 хүртэл хувьтай тэнцүү байхаар болгож байв.

Энэ арга хэмжээний үр дүнд 2012 онд 95 үйлдвэрээс 3,344.5 кг, 2013 онд 72 үйлдвэрээс 6,041.9 кг алт худалдан авсан нь өмнөх үеээс нэмэгдсэн боловч санасан хэмжээнд хүрэхгүй байсан тул төр засгаас онцгой анхаарч “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар зааж 2014 оны 01 дүгээс сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр 2014 оноос эхлэн алт худалдан авалт эрс өссөн үзүүлэлттэй байна. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээг дээрх зургаар харуулав.

Үүнээс харахад Монголбанкинд алт тушаалт нь алтны дэлхийн зах зээлийн үнээс биш зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнээс шууд хамаарч байгаа нь харагдаж байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Garchig chine aldaatai baina. Mongold alt tushaalt osoogui gej bich malaa

    0 0 Хариу бичих