Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлаа хийлээ.  Уул уурхайн салбарын орлого энэ оны эхний таван сард 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 318.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын мэдээлснээр уул уурхайн хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрлийн тоо жил ирэх бүр буурч байгаа гэнэ. Одоогийн байдлаар 2950 тусгай зөвшөөрөл байгаа юм байна. Мөн тэрбээр, газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээллийг өгөв. Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш харьцангуй тогтворжсонтой холбоотойгоор өнгөрсөн сард манай улсын импортын үнэ буурсан тул энэ сард иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууныг 50 төгрөгөөр бууруулсан. Энэ сард бас ханш тогтвортой байсан тулд  ирэх сарын эхээр жижиглэнгийн үнийг бас бууруулах тухай хэлэв. Ингэснээр ирэх сард шатахууны жижиглэнгийн үнэ нийт 120 төгрөгөөр буурах юм байна.

Хэвлэлийн хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.

- “Алт 2” хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. Зорилт биелсэн үү. Мөн нөхөн сэргээлт ямар байна вэ?

-Хөтөлбөр 70 орчим хувийн хэрэгжилттэй явж байна. Нөхөн сэргээлт ч хийгдэж байгаа.

-Шатахууны үнийн өртөгийн тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас Монголд нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүн 25 ам.доллароор буусан тул Монгол жижиглэнгийн үнийг 50 төгрөгөөр бууруулсан. Зургаадугаар сард үнэ харьцангуй тогтвортой байгаа. Ирэх сард ч тогтвортой байна. Тиймээс ирэх сард жижиглэнгийн шатахууны үнэ нийт 120 төгрөгөөр бууна.

-“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажил юу болж байна. Энэ онд гаргана гэж байсан гэтэл одоогоор нам гүм боллоо. Энэ ажлын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ ажлын бэлтгэлийг маш сайн хангасан байгаа. IPO хийхийн тулд одоо байгаа компани дээрээ гаргах гэхээр зургаан ордын найман тусгай зөвшөөрөл байгаа. Үүний хоёр орд нь нөөцөө тогтоож, борлуулалт хийж байгаа бол үлдсэн нь баталгаат нөөцөө тогтоогоогүй байгаа. Тиймээс хамтад нь олон улсын зах зээлд гаргаж болохгүй байна. Үүний оронд баруун, зүүн Цанхийн аль нэгэн дээр нь охин компани байгуулж олон улсын зах зээлд гаргах боломж байна. Энэ ажил л хүлээгдэж байгаа.  Би тавдахь өдөр “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудлыг УИХ-д дахин оруулна.

-Оюутолгойн гэрээг дахин асуумаар байна. Цуцлах тухай ярьж байгаад, чимээ алдарлаа. Засгийн газрын түвшинд ярьж байгаа юу?

-Оюутолгойн гэрээний асуудал дээр бид ярилцах ёстой. Тус орд улсын төсөвт жин дарж, 17 мянган хүнийг а:жлын байраар хангаж байна. Энэ төсөлтэй холбоотойгоор хөрөнгө оруулсан олон улсын байгууллагууд бүгд ирж уулзаж байна. Туслан гүйцэтгэгч компаниуд ч гэсэн зовниж байна. Тэгэхээр гэрээг цуцлах тухай байж болохгүй. Ингэж мэдэгдсэнээрээ бид Дубайн гэрээг зөвтгөөгүй. Гэрээтэй холбоотой саналаа Л.Оюун-Эрдэнэ даргад хүргүүлнэ.

-“Эко Алтан Заамар”-ын лицензийг цуцална гэсэн одоогоор цуцлаагүй байгаа. Энэ ажил юу болж байна вэ?

-Ослын талаар Мэргэжлийн хяналтаас ирүүлсэн. Яг цуцлах үндэслэлийг нарийвчилж ирүүлээгүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лицензийг цуцлах үндэслэлийг нарийвчилж ирүүлсний дараа дараагийн арга хэмжээг авна.