Дөрвөн албан тушаалтан ХОМ-ээ ташаа мэдүүлжээ

АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр  сүүлийн нэг сард нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн гэлээ.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар дөрвөн албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд  заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд:

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа

Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу 1 албан тушаалтанд ажлаас халах, 1 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 2 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)