Монголын туг Наполийн тэнгэрт мандана

Дэлхийн оюутны спортын зуны 30 дугаар универсиад наадамд Монголын тамирчид 21 дэх удаагаа оролцож, эх орныхоо тугийг мандуулахаар хүлгийн жолоо залах гэж байна. Энэхүү баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг наадам Италийн Наполи хотноо ирэх сарын 3-14-нд болох юм. Монголоос байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний теннисний долоон төрөлд, 33 тамирчин, 13 дасгалжуулагч албаны 46 бүрэлдэхүүнтэй баг мордоно. 

Ц.Цогтбаатарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө

Баг, бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын арга хэмжээнд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фэлиптан болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Монголын баг тамирчдаа төлөөлж, буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер П.Тэмүүжин нар тангараг өргөв. Мөн наадамд оролцох жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.

Монгол Улс анх Унгарын Будапешт хотноо 1965 онд болсон зуны универсиад наадамж орсноос хойш 54 жилийн түүхтэйгээр уг наадамд хүчээ сорьсон байдаг. Энэ хугацаанд нийт 21 удаагийн универсиадад орж, Монгол Улс нийт 53 медаль хүртсэн юм. Тодруулбал, 11 алт, мөнгө, хүрэл тус бүр 16 медалийг есөн төрлөөс авч чадсан бахдам түүхтэй.

Энэ тухай Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан “Дэлхийн бага олимп гэж нэрлэгддэг энэхүү наадамд Монгол Улс бусад орнуудтай эн тэнцүү өрсөлдөж, баг тамирчдаа бэлтгэн оруулдаг. Энэ удаагийн наадамтай давхцан Олон улсын оюутны спортын холбооны бүрэн эрхт гишүүн Монголын оюутны холбооны 30 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм. Манай холбоо 100 гаруй их дээд сургуулийн 160 гаруй мянган оюутан, залуусын эрх ашгийг хамгаалдаг. Тэдний дунд биеийн тамирыг хөгжүүлэх, олон улсын хийгээд, тив, дэлхийн спортын тэмцээнд Монголоо төлөөлж баг тамирчдаа оролцуулдаг нийгэмд үйлчлэх байгууллага юм. Миний хувьд Итали улсад хоёр удаа универсиад наадмыг зорин очиж байлаа. Анх 1997 онд, дараа нь 2007 онд очсон. Дурсамжит сайхан газар минь. Энэ удаа ахин манай баг тамирчид хүч чадлаа сорих гэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Спорт бол улс үндэстэнүүдийн нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Тэр ч утгаараа оюутан залуучуудын спортын наадамд олон улсын тамирчид хүч чадлаа сорьж өрсөлдсөн ч дараа нь нөхөрлөлөө тогтоох нь бий. Энэ талаарх сэтгэгдлээ Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фэлиптан илэрхийллээ. Тэрбээр, “Улс үндэстнүүдийн хооронд энх тайван тогтоох, ахан дүүсийн холбоо болгох, залуу үеийнхний оролцоо, тэвчээр, тэдний дундах харилцааг сайжруулах, соёл уламжлалыг сурталчлах, бэхжүүлэхэд чиглэсэн соёл, спортын томоохон арга хэмжээг Итали улс зохиодог. Та бүхнийг хүлээн авахдаа ч баяртай байх болно. Оюутны спортын наадамд Итали улсын оруулсан хувь нэмэр их. Энэ ойн баярууд 209 оны наадмын үеэр тохиож байгаа. Итали улсад нийт 11 удаагийн универсиад наадам болсон байдаг. Та бүхэнд спортын өндөр амжилт гаргахаас гадна хувийн болон соёлын баялаг туршлага хуримтлуулахыг хүсье” хэмээв.

Д.Жаргалсайхан: Спортын шинэ төрөлд залуучуудыг оролцуулахыг зорьдог

Баг, бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын арга хэмжээний үеэр Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхнаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Энэ жилийн наадмын онцлог хийгээд манай баг тамирчдын оролцооны талаар тодруулахгүй юу?

-Монголын баг тамирчид спортын долоон төрлөөр оролцож байна. Ойрын жилүүдэд универсиад наадам Монголыг тойрсон Солонгос, Тайвань зэрэг улсуудад болж байсан. Энэ удаа нэлээн хол болж байгаа учраас төдийлөн олон тамирчин оролцож чадсангүй. Гэхдээ энэ явж байгаа тамирчдын хувьд чанартай, Токиогийн олимпын эрхтэй залуу тамирчид багтсан. Улсын шигшээ багийн бүрэлдэхүүний 70 орчим хувь нь оюутнууд байдаг. Тэр утгаараа найдлага тавьж байгаа.

-Ямар төрөлд илүү найдлага тавьж байна вэ?

-Таеквондо, чөлөөт, буудлагын төрөлд амжилт үзүүлнэ гэж бодож байна. Манай холбоо 21 дэх универсиаддаа оролцож байна. Энэ наадам нь 30 удаа болсон.

-Өнөөдөр Монголын оюутны спортын холбооны 30 жилийн ой мөн тохиож байна. Анх холбоо бий болсон цагаас, өнөөг хүртэл өргөжин тэлж, тамирчдаа тив дэлхийд сойсоор байгаа. Энэ хугацааны ололт, амжилт юу байв?

-Ардчилал, зах зээлийн эдийн засагтай мөр зэрэгцэн манай холбооны эхлэл тавигдсан. Шинэ холбоонуудынхаа анхдагч нь. Манай холбоо байгуулагдсанаас хойш оюутны спорт, хөдөлгөөн эрчимжсэн. Амжилт ч олсон. Өмнө нь манай  холбооны гүйцэтгэдэг үүргийг Эвлэлийн төв хороо, Монголын оюутны холбоо, Биеийн тамир, спортын хороо хамтран хэрэгжүүлдэг байсан. Манай холбоо байгуулагдаж, нэгэн дээвэр дор орж, нэг гарт зангидсан. Өмнө нь том наадамд явахад нүсэр бүтэц байсан бол одоо хөнгөн шуурхай, хялбар болсон.

-ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн спортын универсиад наадмаар манай тамирчид шинэ төрлөөр оролцсон тэр хэрээрээ Монголд өвлийн спортын ордон ямар их хэрэгтэй байгааг харуулсан шүү дээ.

-Манай оюутны спортын наадам шинэ спортын төрлүүдийг гаргаж ирэх зорилготой байдаг. Өвлийн спортод уран гулгалтын төрлийг анх удаа универсиад наадамд оруулсан. Тэр нь ард түмэнд маш сайн хүрсэн. Түүнээс хойш мөсөн гулгуурын ордонтой болох талаар эрх баригчдын түвшинд хүрч ярьсан. Модон бөмбөг, гандбол зэрэг мөн байгаа. Энэ төрлүүд манайд түүхийн уламжлалтай. 1930-аад оноос манай тамирчид гадаадад сураад, эх орондоо эргэж ирж, түгээж байсан уламжлал бий. Монголд орчин үеийн спортыг хөгжүүлсэн хүн манай гадаадад сурч байсан залуучууд шүү дээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)