Зургаан хүнийг илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Тус газраас энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 962 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэснээс илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 хүний талаар тухайн газарт албан бичиг хүргүүлээд байгаа юм байна. Тодруулбал, 

-Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин
-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар
-Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв
-Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж
-Багануур дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг

нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)